Уншиж байна ...

АНУ-ын Филадельфи хотод эмнэлгийн онгоц сүйрсний улмаас 7 хүн амиа алдаж, 19 хүн шархадлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой эмнэлгээс өвчтөнийг гэрт нь хүргэхээр тээвэрлэж явсан бага оврын нисэх онгоц АНУ-ын Филадельфи хотод осолдсоны улмаас долоон хүний амь үрэгдэж, 19 хүн шархаджээ.

Хос хөдөлгүүртэй Learjet 55 загварын онгоц Филадельфи хотын хүн ам шигүү суудаг хэсэгт унасан юм.

Онгоцонд АНУ-д эмчлүүлж байсан бага насны охин, түүний ээж, эмч нар болон нисгэгч нар, нийт зургаан хүн зорчиж явсан нь бүгд амь үрэгджээ.

Тэд бүгд Мексикийн иргэд байсан байна.

Онгоцыг газарт унах үед автомашинд байсан нэг хүн амиа алдаж, өөр 19 хүн шархдаж, бэртсэн тухай Филадельфи хотын захирагч Черилл Паркер өчигдөр мэдээлжээ.

Хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж болзошгүйг тэр анхааруулсан байна.

зураг
 

“Өнгөрсөн шөнө онгоц унасан газрын хаана хэн хэн байсан талаар бүрэн мэдээлэл одоогоор алга байна” гэж хотын менежэр Адам Тил хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Онгоц унахдаа барилгын дөрвөөс зургаан блокийг дайрсан бөгөөд задарсан хэсгүүд нь хол зайд шидэгдсэн тул хохирлын хэмжээ өсөх магадлалтайг тэр тайлбарласан байна.

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум сошиал хуудсандаа амь үрэгдсэн иргэдийнхээ араас гашуудал илэрхийлжээ.

Энэ долоо хоногт АНУ-д онгоцны хоёр осол гараад байна.

Лхагва гарагт нийслэл Вашингтон хотын нисэх буудлын дээр агаарт зорчигч тээврийн онгоц, зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас 67 хүн амь үрэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP