Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Nvidia компанийн гүйцэтгэх захирал нар DeepSeek-ийн талаар ярилцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан нар Цагаан ордонд уулзахдаа саяхан дэлхий дахинд дуулиан дэгдээсэн Хятадын DeepSeek хиймэл оюуны платформ болон хагас дамжуулагч чипийн экспортын талаар ярилцсаныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Трамп уулзалтын дараа “Юу болохыг би хэлж чадахгүй нь. Бид уулзсан. Уулзалт сайхан болсон” гэхээс илүү зүйл хэлээгүй байна.

Трампын засаг захиргаа хиймэл оюуны технологид ашигладаг чипүүдийг Хятад улсад экспортлохыг хориглох бодлогоо улам чангатгах төлөвтэй байгаа.

“Ерөнхийлөгч Трамптай уулзаж, хагас дамжуулагч болон хиймэл оюуны технологийн бодлогын талаар ярилцах боломж олгосонд бид талархаж байна. Женсен, ерөнхийлөгч хоёр АНУ-ын технологи, хиймэл оюуны салбарын манлайллыг бэхжүүлэхийн чухлыг онцлон хэлэлцсэн” гэж Nvidia компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Гэхдээ Цагаан ордны эх сурвалж уг уулзалт DeepSeek-ийн дуулианаас өмнө төлөвлөгдсөн байсныг баталсан байна.

Хятадын DeepSeek стартап компани өнгөрсөн долоо хоногт АНУ-ын өрсөлдөгчтэйгөө харьцуулахад маш өчүүхэн бага зардлаар хөгжүүлсэн хиймэл оюуны чатбот платформоо зах зээлд танилцуулсан юм.

Энэ нь хиймэл оюуны технологийн өрсөлдөөнд Хятад улс АНУ-ыг гүйцэж болзошгүй гэсэн айдсыг үүсгээд байна.

Өнгөрсөн Даваа гарагт энэ айдсын улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наядаар унасан юм.

Үүн дотроо хиймэл оюуны тархи болдог чипийг үйлдвэрлэгч Nividia компани хамгийн их хохирол хүлээж, хувьцааны ханш нь 17 орчим хувиар унаж байв.

Трампын засаг захиргаа одоо Хятадад экспортлохыг хориглоогүй байсан Nvidia-гийн H20 загварын чипийг хориглож магадгүй болжээ.

Энэ чипийн экспортыг хязгаарлах асуудал бүр Жо Байдены засаг захиргааны үеэс яригдаж эхэлснийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

2022 онд Байдены засаг захиргаа Nvidia компанийн хамгийн хүчирхэг чип H100 загварыг Хятадад экспортлохыг хориглож байжээ.

Үүний дараа Nvidia уг бүтээгдэхүүнийхээ H800 нэртэй өөр хувилбарыг экспортын хоригийн шаардлагад нийцүүлэн бүтээснээ Хятадад нийлүүлж эхэлсэн юм.

2023 онд энэ хувилбарыг нь ч бас хориглож байв. 2024 онд Nvidia дахин хоригийн шаардлагад нийцүүлэн бүтээсэн H20 хувилбараа Хятадад гаргаж эхэлжээ.

АНУ-ын худалдааны яам DeepSeek-ийн хөгжүүлэлтэд экспортын хоригт орсон чип ашигласан эсэхийг судалж эхэлсэн тухай Пүрэв гарагт эх сурвалжууд мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters