Уншиж байна ...

М.Дэлгэрнасан: Яармаг, 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Шархад чиглэлийн замыг нийтийн тээвэр явах эгнээтэй болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гурван сая гаруй хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч өдөрт 10 километр замыг туулахад таван цагийг зарцуулдаг байна. Иймд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хорооллын нийтийн тээврийн хүртээмжгүй хэсэгт авто замын төлөвлөлт хийснээр Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг Нийслэлийн бодлогын, судалгаа шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлөөс өнөөдөр танилцуулав.

зураг
 

Энэ тухай ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн доктор М.Дэлгэрнасан "Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг судалж үзэхэд Таван шар, 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн таван цэгээс зорчилт эхэлж, төгсдөг байна. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд замуудыг нэмэх шаардлагатай. Авто зам нэмэгдэхээр машин буурдаггүй. Зам, авто зогсоол нэмэгдэхээр түгжрэл буурахгүй, улам нэмэгддэг. Үүний эсрэг буюу энэхүү нэмэгдэж байгаа авто замуудын өргөтгөлийг нийтийн тээвэрт зориулбал түгжрэлд нааштай нөлөө үзүүлэхээр байгаа юм. 

Тодруулбал Таван шар, 3,4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой хэсэгт эгнээг өргөтгөж, нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчуулахаар төлөвлөлөө.

Тухайлбал Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх замын 0.8 километр орчим замыг сайжруулна.

Хойд урсгалаас ирж буй Долоон буудлаас Төв талбай хүртэл 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөж нийтийн тээврийн эгнээ нэмэгдсэнээр иргэдийн зорчилт, урсгал чөлөөтэй болж түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм" гэж ярилаа.

зураг
 

Нийслэлийн бодлогын, судалгаа шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр "Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтэй зорчихын тулд гурван эгнээ замтай байх шаардлагатай. Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүрэн доогуур өнгөрөх хүртэл гурван эгнээтэй бол энэхүү төгсгөлөөс Мишээл экспогийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй байдаг.

Харин Мишээл Экспогийн гэрлэн дохио өнгөрөнгүүт гурван эгнээ замаар зорчиж байснаа Номин хайпермаркетийн гэрэл дохионоос АПУ хүртэл 300 метр орчим зайд хоёр эгнээ, Тэмээтэй хөшөөний наад талд буцаад гурван, Энхтайвны гүүрний доогуурх эргэлт нь хоёр эгнээ замтай. Энэхүү 1.5 км замыг гурван эгнээ болгох шаардлагатай болж байна".

Эдгээр замыг өргөтгөх зураг төслийг гүйцэтгэсэн "Дун Мён архитектур, инженерийн зөвлөх" ХХК-ийн төлөөлөгчийн газрын захирал Г.Энхжин "Мишээл экспогийн хойд талын дөрвөн эгнээ замын 0.5 км замыг зургаан эгнээ, АПУ, Тэмээтэй хөшөө хүртэлх уулзварын 0.3км замыг дөрвөн эгнээ, Наадам центр буюу Энхтайвны гүүрний доогуурх эргэлтийн замыг нэг эгнээгээр тус тус өргөтгөж тухайн хэсгийн нийтийн тээврийн автобус зогсохгүйгээр буцаж нөгөө урсгалд орж Яармаг руу явах боломжтой болгоно. Ингэснээр автомашины болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний урсгал 15-20 секундээр нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргаж НЗХГ-т хүлээлгэж өгсөн".

"Засмал зам" ХХК-ийн зөвлөх Н.Нямсүрэн "Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд төвөгтэй болоод ирэхээр хувийн автомашиныг сонгодог байна. Хувийн автомашиныг сонгохоор түгжрэл эдийн засгийн асуудал яригддаг учраа төр авто замын үйлчилгээгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх ёстой болж байна.

Манай компани нийтийн тээврийн хүртээмжгүй хэсэгт буюу гэр хороолол руу бага оврын автобус явуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал хорооллын арын хэсгийн замыг өргөтгөн тойрог замтай холбож богино эргэлтийн автобусыг явуулахаар төслийг боловсруулсан" гэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ВИДЕО: