Уншиж байна ...

АНУ-д нохой нь эзнээ буудаж шархдуулсан ховор хэрэг гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-д саяхан нохой нь эзнээ буудаж шархдуулсан ховор хэрэг гарсан тухай цагдаагийн албаны эх сурвалж Лхагва гарагт мэдээлжээ.

Теннеси мужийн Мемфис хотын оршин суугч Даваа гарагийн өглөө эмэгтэй хамтран амьдрагчийн хамт орондоо унтаж байхдаа ийнхүү буудуулсны улмаас гуяндаа шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм байна.

Орео нэртэй, нэг настай питбулл үүлдрийн нохой эзнийхээ унтаж байсан орон дээр үсэрч гарахдаа бууны гохны хамгаалалтыг савраараа цохисноос гох дарагджээ.

Цагдаагийн бүртгэлд үүнийг “санамсаргүй осол” гэж дүгнэсэн байна. Гэхдээ ямар төрлийн бууны сум алдагдсан талаар бүртгэлд дурдаагүй өнгөрчээ.

АНУ-д галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг түгээмэл гардаг ч хүмүүсийг амьтан буудсан тохиолдол ховор байдаг.

Хоёр жилийн өмнө Канзас мужид герман овчарк ангийн буун дээр гишгэсний улмаас 30 настай залуу амиа алдаж байжээ.

2018 онд Айова мужид 51 настай эрэгтэй питбулл-лабрадор үүлдрийн эрлийз нохойд "буудуулсны" улмаас хөлдөө шархдаж байв.

Сая гарсан хэргийн хохирогчийн найз эмэгтэй унтаж байгаад буун дуу гарахад сэрснээ "Fox 13 Memphis" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр ярьжээ.

“Манай нохой үсэрч наадах дуртай болохоор ийм осол гарлаа” гэж тэр тайлбарлаад галт зэвсгийнхээ аюулгүй байдалд анхаарч байхыг хүмүүст анхааруулсан байна.

 

Эх сурвалж: AFP