Уншиж байна ...

Титан хиймэл зүрхтэй хүн 100 хоног амьдарсан нь анагаах ухааны томоохон ахиц дэвшил болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Донор олдох хүртэл ашиглах зорилгоор титан зүрх суулгуулсан хүн 100 хоног амьдарсан нь ийм технологийн хувьд шинэ дээд амжилт болсныг өчигдөр зарлажээ.

Австралийн иргэн 40 гаруй насны эрэгтэй өвчтөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сидней хотын Сэнт Винсентын эмнэлэгт титан зүрх суулгуулж байсан юм.

Хоёрдугаар сард тэр эмнэлгээс гарч, одоо биеийн байдал нь сайн байгааг эмнэлгийн захиргаа болон хиймэл зүрхийг зохион бүтээсэн Америк-Австралийн BiVACOR компанийн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Хиймэл титан зүрх ийм удаан хэвийн ажилласан нь цаашдаа байнгын хиймэл зүрх ашигладаг болох боломж нэмэгдэж байгааг харуулсан байна.

Одоогоор ийм зүрхийг зөвхөн туршихыг зөвшөөрсөн байдаг юм.

BiVACOR компанийг эцгийгээ зүрхний өвчнөөр алдсан Австралийн био инженер Даниэл Тиммс үүсгэн байгуулж байжээ.

“Манай баг хамт олны бүтээсэн хиймэл зүрхэнд итгэл хүлээлгэсэн өвчтөн болон түүний гэр бүлд бид маш их баярлаж байна. Тэдний эр зориг нь тоо томшгүй олон өвчтөнд энэхүү технологийг хүргэх замыг нээх юм” гэж тэр хэлсэн байна.

Тус компанийн бүтээсэн TAH (Total Artificial Heart) төхөөрөмж нь титан материалаар бүтсэн эх биетэй, дотроо ямар нэг элэгдэлд өртөмтгий хавхлага болон механик эд ангигүй, зөвхөн соронзоор бэхлэгдсэн нэг хөдөлгүүртэй юм.

Энэ нь цусыг бие болон уушги руу шахдаг юм байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тоо баримтаас үзвэл өнөөдөр дэлхий даяар жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг.

Зөвхөн АНУ-д 2024 онд 3,500 орчим хүн зүрх шилжүүлэн суулгуулсан бол 4,400 орчим өвчтөн донорын хүлээлгийн жагсаалтад байжээ.

Тиймээс байнгын ажиллагаатай хиймэл зүрх ашиглаж эхэлбэл анагаах ухаанд маш том дэвшил болох юм байна.

 

Эх сурвалж: CNN