Индэр    
1 цаг 3 минутын өмнө
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэргийн маргааны үнийн дүн 15,840,000 төгрөг болно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний зарим төрлийн хэрэг маргааныг ердийн богино хугацаанд зардал багатайгаар хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэнэ. Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болж байгаатай холбогдуулж Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэргийн маргааны үнийн дүн 15,840,000 төгрөг болно.

Хуульд заасны дагуу тусгайлсан журмаар дараах хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ.

  • Бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах
  • Дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах
  • Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах
  • Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах

Харин дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол
  • Гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл
  • Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

  • Нэхэмжлэл хүлээж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
  • Хариуцагч нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.
  • Зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэл гардан авснаас хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзлаа шүүхэд ирүүлнэ.
  • Нэхэмжлэгч Иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно.
  • Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах

  • Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

 

зураг