Гадаа хүйтний эрч чангарсан, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулж найз нөхдүүд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас нэг нь нас барж нөгөө нь шүүх хүртэл явсан тухай сэрэмжлүүлэх үүднээс энэхүү дугаарыг хүргэж байна.
Шүүгдэгч Б нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 30-31-ний шилжих шөнө Л, С нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар шөнийн 03 цагийн орчимд хамт архи уусан Л-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж орхиж явсны улмаас Л нь гадаа осгож нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Тухайн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Б нь тэмцээнд ороод медаль авчээ. Тэгээд баяраа тэмдэглэн Л, С гэх хоёр хүнтэй хамт архи уусан байна. Тэд уусан архиндаа нэлээн согтож, амь хохирогч Л нь шагнал авсан шүүгдэгч Б, цуг явж байгаа С-д
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тэд цуг архи уусан гэдэг нь тогтоогдсон. Харамсалтай нь Л-ийг маргааш өглөө 8 цаг 50 минутын үед осгосны улмаас нас барсан байхад нь олжээ.
Шүүгдэгч Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "Би тухайн үед найзыгаа тэр эмэгтэйгийнх рүү явсан байх гэж бодсон. Энэ талаар эхнэрт нь болон өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хэлээгүй. Найзыгаа муу нэртэй болгоод яахав гэж бодсон. Түүнээс болж би буруутан болоод байна. Ер нь би найздаа буруу зүйл хийгээд байх хүн биш. Найз маань нас бараад 49 хоногийн дараа гэрт нь очиход ээж аав нь намайг алуурчин гэж хөөхөд надад хэцүү байсан. Уг нь би учир явдлаа ойлголцож үр хүүхдэд нь цаашид аавынх нь орон зайг бөглөж явахыг хичээе гэж бодсон. Хүүхдээ алдсан ээж аавд нь хэцүү байгааг ойлгож байна. Санамсаргүй байдлаар ийм явдал болсонд нь харамсаж, намайг уучлаарай" гэж хэлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аав Ш нь: Манай хүүхдийг битгий уруу татаарай гэж түүнд хэлдэг байсан. Хэлсэн үгийг минь үл тоож миний хүүг алсанд нь гомдолтой байна. Миний хүү Л нь архи дарс уугаад байдаггүй хааяа уусан ч гэртээ ороод л унтаж амардаг. Хүн амьтантай хэрүүл маргаан зодоон цохион хийж хэл ам татлаад байдаггүй. Ажилч хөдөлмөрч, шударга хүүхэд байсан. Уг хэрэгт холбогдуулан Б-г сайтар шалгах хэрэгтэй. Б нь манай гэрт шөнийн 3 цаг өнгөрөөд 4 цагийн үед очихдоо ганцаараа очсон. Хүүг хаана байгаа талаар асуухад айлд байгаа гэж хэлсэн байдаг гэжээ.
Шүүхийн шинжилгээний гаргасан дүгнэлтээр: “Л-ийн биед гаднын нөлөөтэй гэмтэл шарх ажиглагдаагүй. Амь хохирогчийн хувцас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд урагдаж, ханзарсан болон цус зэрэг бохир болсон зүйл байхгүй. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан. Хүнд зэргийн согтолттой байсан байна гэжээ.
Улсын яллагч 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял санал болгосон, Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн бол хохирогч талаас ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах саналгүй гэсэн байна.
Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан. Шүүгдэгч Б нь хохирогч талаас баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хүний нас барсан хор уршгийг арилах боломжгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгч талын өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн тухайн сумынх нь нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.
Уг гэмт хэргийн улмаас гарсан хохирол, хор уршгийн хувьд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн аав болох Ш томилогдсон бөгөөд оршуулгын зардалд 8.059.200 төгрөг мөн амь хохирогчийн 1 хүүхдэд тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн байдаг.
Youtube суваг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!