Уншиж байна ...

Гринланд арлын сонгуульд алсдаа тусгаар тогтнох бодлого баримталдаг нам ялжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Трампын АНУ-д нэгтгэхээр санаархаж буй Гринланд аралд Ням гарагт орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж, өчигдөр дүнгээ гаргажээ.

Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог тус арлын парламентын сонгуульд алсдаа тусгаар тогтнох үзэл баримтлалтай Demokraatit нам хамгийн их буюу 29.9 хувийн санал авсан байна.

Тус нам дөрвөн жилийн өмнөх сонгуулиар үүнээс 20 нэгж хувиар бага санал авч байсан тул үнэхээр санаанд оромгүй үр дүн болжээ.

Харин Дани улсаас хамгийн богино хугацаанд салж, тусгаар тогтнох үзэл баримтлалтай Naleraq нам 24.5 хувийн саналаар удаалсан байна.

Тус нам өмнөх сонгуульд 12 хувийн санал авч байжээ.

Ингэснээр Demokraatit нам эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээг бусад намуудтайгаа эхлүүлэхээр болж байна.

Гринландын улс төрийн намууд бүгд тусгаар тогтнолын төлөө байдаг ч хэр урт хугацаанд, ямар замаар хэрэгжүүлэх тал дээр үзэл баримтлалаараа ялгардаг.

Шинээр байгуулагдах 31 гишүүнтэй парламент Гринланд арал хэзээ тусгаар тогтнох, Данийн Хаант улсын бүрэлдэхүүнд хэр удаан оршихыг шийдвэрлэх юм.

Долоо хоног гаруйн өмнө Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус арлыг нэгтгэх хүсэл сонирхлоо давтан илэрхийлж байв.

Ням гарагт сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөхөн Трамп “Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д нэгдэх”-ийг гринландчуудад уриалж, тэднийг баян чинээлэг амьдруулахаа амласан юм.

Гэхдээ нэгдүгээр сард явуулсан хамгийн сүүлийн санал асуулгаар Гринланд арлын оршин суугчдын 85 хувь нь Трампын саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Сонгуулийн үеийн мэтгэлцээнд оролцсон намын удирдагчдын зарим нь Трампыг “итгэж болохгүй хүн” гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

“Гринланд бол түүний худалдаж авдаг байшин барилга биш. Трампын ярианы өнгө аяс нь энэ асуудалд бид хатуу байр суурьтай байх ёстойг харуулж байна” гэж телевизийн мэтгэлцээний үеэр Demokraatit намын дарга Йенс-Фредерик Нилсен хэлж байжээ.

2021 онд анх парламентын гишүүн болж байсан 33 настай Нилсен орон нутгийн загас агнуур, уул уурхай, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэх талаар байнга ярьдаг нэгэн.

Гринланд аралд зүүний үзэл баримтлалтай социалист талын намууд эрх барьсаар ирсэн түүхтэй. Тэгвэл консерватив маягийн чиг баримжаатай Demokraatit нам энэ сонгуульд ялсан нь санаанд оромгүй үзэгдэл байлаа.

Одоогийн ерөнхий сайд Муте Эдэгэгийн зүүний чиг баримжаатай Inuit Ataqatigiit нам энэ сонгуульд авсан саналын тоогоор гуравдугаар байранд жагсжээ.

Түүний нам дөрвөн жилийн өмнө эвслийн түнш Siumut намтай хамт нийтдээ 66 хувийн санал авч байсан бол энэ удаа нийлээд 36 хувийн санал авсан байна.

57,000 орчим оршин суугчтай дэлхийн хамгийн том арал Гринланд сүүлийн жилүүдэд Умард туйлыг эзэмших зорилготой их гүрнүүдийн сонирхлыг ихээр татах болсон юм.

Умард Америк болон Европ тивүүдийн дунд, Умард туйлд ойр оршдог газар зүйн байрлал нь, бас ашигт малтмалын арвин их нөөц нь Гринландыг онцгойруулж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Умард туйлын мөсөн бүрхүүл хайлснаар Гринланд арал нь дэлхийн далайн тээврийн гол зам дээр оршдог болох ирээдүйтэй юм.

Энэ удаагийн сонгуульд арлын сонгогчдын 70.9 хувь буюу 28,620 хүн саналаа өгсөн нь өмнөх сонгуулийн 65.9 хувийн ирцийг давсан хэрэг байлаа.

 

Эх сурвалж: Reuters