Энэтхэгийн Air India компанийн зорчигч тээврийн онгоцны жорлонгууд нислэгийн явцад бөглөрсөн тул хөөрснөөсөө хойш есөн цагийн дараа буцаж газардсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Чикаго хотоос Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын чиглэлд ниссэн уг онгоц хөөрснөөсөө хойш дөрвөн цаг гаруйн дараа Атлантын далайн дундаас буцахад хүрсэн байна.
“Хөөрснөөс хойш нэг цаг, 45 минут орчмын дараа бизнес болон энгийн ангиллын бие засах өрөөнүүд ашиглалтаас гарсныг нислэгийн багийнхан бидэнд мэдээлсэн. Улмаар онгоцны нийт 12 ариун цэврийн өрөөний ес нь ашиглах боломжгүй болсон нь нийт зорчигчдын тав тухыг алдагдуулахад хүргэсэн байна” гэж Air India компанийн төлөөлөгч тайлбарлажээ.
Ажилтнууд шалгаад гялгар уут, бөс даавууны өөдөс, урагдсан хувцас зэргийг бохирын хоолойд хийсэн байсныг илрүүлсэн гэнэ.
Тухайн үед Европын нисэх буудлууд шөнийн горимд шилжиж, үйл ажиллагаагаа хязгаарласан байсан тул Air India компанийн 126 дугаар чиглэлийн Boeing-777 онгоцыг хүлээж авах боломжгүй байжээ. Тиймээс онгоц анх хөөрсөн буудалдаа буцахаас өөр аргагүй болсон тул есөн цагийн дараа орон нутгийн цагаар 21:00 цагийн үед Чикаго хотод газардсан байна.
Чикаго хот руу буцах шийдвэрийг “зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг алдагдуулахгүйн тулд гаргасан” болохоо Air India компани тайлбарлажээ.
Газардсаны дараа тус компани зорчигчдыг зочид буудалд байрлуулж, Шинэ Делигийн өөр нислэгүүдийг санал болгосон байна.
Бохирын хоолой бөглөрсөн асуудлаас үүдэлтэйгээр онгоц замынхаа дундаас буцсан анхны тохиолдол энэ биш юм.
2024 оны хоёрдугаар сард Амстердамаас Лос-Анжелес чиглэлд ниссэн KLM компанийн нисэх онгоцны есөн ариун цэврийн өрөөний найм нь бөглөрснөөс мөн Атлантын далайн дундаас Нидерланд руу буцаж байжээ.
Өмнө нь бас жорлонгийн суултуурт орны даавуу, живх зэргийг хаясан асуудалтай тулгарч байсан Air India компани “Энэ боломжийг ашиглан ариун цэврийн өрөөг зөвхөн зориулалтын дагуу ашиглахыг зорчигчдод уриалж байна” гэж мэдэгдэлдээ анхааруулжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!