Улаанбаатар хотын зүүнээс баруун чигийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх Туулын хурдны замын тендерийг маргааш нээх юм байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон холбогдох албаны хүмүүс тус замын трасс дагуу өнөөдөр ажиллав.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас төрийн худалдан давах хуулийн дагуу зохион байгуулж буй Туулын хурдны замын тендерийн нээлт маргааш буюу 2025 оны гуравдугаар сарын 14-нд болно. Үүнээс өмнө хотын ерөнхий архитектор, Нийслэлийн Замын Хөгжлийн Газар, Түгжрэлийг бууруулах нэгж, Газрын албаны бүрэлдэхүүнтэйгээр Туулын хурдны замын трасс дагуух газар чөлөөлөлт, цахилгаан дамжуулах болон инженерийн шугам сүлжээний төвөгшлүүдийн талаар мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа зүйлийг сонсож яамдтай уялдуулж төвөгшлийг хэрхэн шийдэх тухайгаа ярьж байна.
Хоёрдугаарт Туулын хурдны замыг барихад нэлээн их ажиллах хүч орж ирэх байх. Эдгээр хүмүүсийг байрлуулах түр кэмпийг хаана барих, замыг барихад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хаанаас ашиглах тухай ярихаар цугларсан юм" гэв.
Туулын хурдны замыг барихад хэчнээн нэгж талбар нөлөөлөлд өртөж байгаа тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр: Газар чөлөөлөлтөд 76 нэгж талбар өртөж, 36 тэрбум төгрөг шаардлагатай тооцоолол гарсан. Сонсголонгийн гүүрний гол обьектүүдыг шилжүүлбэл газар чөлөөлөлтийг хийж байна гэсэн үг.
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга Г.Мөнхбаатар: Туулын хурдны замыг барих нөлөөлөлд өртсөн нэгж талбарын төлөөллүүдтэй одоогоор уулзалт хийж эхлээгүй байгаа.
Газар чөлөөлөлт Хан-Уул, Баянгол дүүргээс эхлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон газар чөлөөлөлт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Авто худалдааны төвийн урд хэсгээр трасс гарна.
Сонсголонгийн гүүрний баруун талд байрлах томоохон үйлдвэр болон Туул голын хойд талд Мишээл экспогийн тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүрэгт хоёр ААН гээд нийт 153 нэгж талбар нөлөөлөлд өртөж байгаа.
Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн инженер н.Ербол "Туулын хурдны замын нөлөөлөлд 12 байршлын цахилгаан эрчим хүч дамжуулах шугам өртөж байгаа юм. Сонсголон, Маршалын гүүрний нийт дөрвөн шугамыг шилжүүлнэ" гэв.
Хурдны замыг барих ААН-ийн ажилтнуудыг байрлуулах кэмпийг Дүнжингарав худалдааны төвийн хойд талд 25 га болон 1,000 машины зогсоолын урд талын 68 га газарт барихаар төлөвлөжээ.
Харин авто замыг барих газрын байгаль орчны төлөв байдлыг үнэлгээг гаргаж, БОЯ-нд хүргүүлсэн бол ШУА-ны академиас замын трасст археологийн олдвор байхгүй гэсэн болохыг албаныхан хэлэв.
Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлж чадвал Улаанбаатар хотын авто замын түгжрэл 2027 онд 13.5%-аар буурах тооцоолол гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!