Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байгаатай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн анхны экспресс замын тендерийг зарлаж байна. Туулын хурдны замын урт нь 33 км байх юм. 2024 онд бид түгжрэлд алдсан цаг хугацаа, бензин шатахууны нийт өртөг ойролцоогоор 900 сая ам.доллар болсон. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.долларыг давахаар байгаа. Тиймээс яаралтай зоримог шийдвэр гаргах хэрэгтэй.
Туулын хурдны зам зургаан эгнээтэй, 18.6 км нь далангаар, 12.8 км нь гүүрэн байгууламжаар явах юм. Гүүрэн байгууламжаар явахдаа Туул гол дээгүүр тавигдсан Их Монголын, Зайсангийн, Яармагийн, Сонсголонгийн гүүрэн дээгүүр давж явахаар төлөвлөсөн. Энэхүү зам дээр Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны зам ирж холбогдоно. Нэгдүгээр тойрог хурдны замын тендерийг энэ оны зургаадугаар сард зарлахаар бэлтгэж байгаа.
Бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард хүлээн авахаар тендер зарласан. Мөн олон улсад ихэвчлэн ашиглагддаг FDIC-ийн гэрээний загвараар тендерийн гэрээг байгуулахаар нөхцөл тавьсан. 1913 онд FDIC буюу олон улсын зөвлөх инженерийн холбоо нь том төслүүдийн гэрээний үлгэрчилсэн дүрэм журмыг бүтээхээр байгуулагдсан.
Бүтээн байгуулалтын ажил явагдах үеэр 36 айл нөлөөлөлд өртөж байгаа. Нөлөөлөлд өртөж буй айл өрхөд нөхөн олговор олгоно. ТЭЗҮ-д туссанаар 1.9 их наяд төгрөгийн зардалтай байна. EPC нөхцөлөөр зарлаж байгаа учраас нарийвчилсан ажлын зураг бүрд дахин төсөв магадлуулна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!