АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхааруулгаас хойш хэдхэн хоногийн дараа гадаадын сүүлчийн агаарын тээврийн компаниуд Венесуэл чиглэлийн нислэгээ зогсоожээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Венесуэлийн агаарын орон зайг хаагдсанд тооцож, нислэгүүдээ зогсоохыг Трамп олон улсын тээврийн компаниудад анхааруулж байсан юм.
Тэгвэл саяхныг хүртэл нислэгээ үргэлжлүүлж байсан Панамын Copa, түүний Колумбын охин компани Wingo хоёр Каракас чиглэлийн нислэгүүдээ зогсоож байгааг Лхагва гарагийн орой зарлажээ.
Колумбын төрийн өмчит Satena, Боливийн үндэсний агаарын тээвэрлэгч Boliviana de Aviacion компаниуд өчигдөр буюу Пүрэв гарагт мөн зогсоох шийдвэрээ зарласан байна.
“Өнөөдөр Каракас чиглэлийн нэг нислэгийн үеэр навигацийн дохионд тасалдал үүссэн тул Copa болон Wingo компаниуд энэ чиглэлийн нислэгүүдээ түр хугацаанд зогсоож байна” гэж Панамын авиа компани мэдэгджээ.
Өчигдөр Колумбын төрийн өмчит Satena компани Венесуэлийн гурав дахь том хот Валенсиа чиглэлийн нислэгээ зогсоосон бол Boliviana de Aviacion нийслэл Каракасын нислэгүүдээ зогсоож буйг зарласан байна.
Эдгээр нь Трампын анхааруулгын дараа Венесуэлийн чиглэлд нислэг үйлдэж байсан сүүлчийн компаниуд юм.
Үүний улмаас Зул сарын баярын үеэр эх орондоо очиж, төрөл төрөгсөдтэйгөө уулзах төлөвлөгөөтэй байсан гадаадад оршин суудаг венесуэлчүүд хүнд байдалд ороод байна.
“Ялангуяа жилийн энэ үед хүмүүс гэр бүл, найз нөхөдтэйгөө Зул сарын баяраар уулзахыг хүсдэг. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан венесуэлчүүд маш их тодорхойгүй нөхцөл байдалд амьдарч байгаа нь харамсалтай” гэж Колумбын Барранкилла хот дахь цагаачдын холбооны дэд ерөнхийлөгч Хуан Карлос Вилориа Дориа мэдэгджээ.
Колумб улсад дэлхийн бусад улс орнуудаас хамгийн олон буюу 2.8 сая венесуэл хүн оршин суудаг юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!