УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр хуулийн төсөл санаачлагчид уг хуулийн төслийн онцлог асуудлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ хуулийг хэлэлцэж байгаа үедээ ургийн овгийн асуудлыг шийдье. Ургийн овгийн асуудлыг монголчууд ойлгохгүй байна. Ургийн овгийг анхнаасаа цур ойртолтоос сэргийлэх үүднээс хэрэглэж ирсэн.
Энэ ажил дээр манай түүх, уламжлал хосгүй байсан нь мэдэгдэж байгаа. 1923 онд ургийн овгийг хэрэглэхийг хориглосон. Эцгийн нэрийг хэрэглэж эхэлснээс хойш Монголд цус ойртолт маш өндөр түвшинд хүрсэн. Ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа хүмүүсийн 85 хувь нь 3, 4 дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна.
Цус ойртолт эргээд хавдрын суурь болдог. Дээрээс нь оюуны хомсдол, ургийн гажгийн өөрчлөлтүүд цус ойртолтоос болж байна.
Ургийн овгийг өөрчлөх асуудлыг төр зохион байгуулъя. Хүн амын тооллогын материалууд төрд бий. 2025 онд Польш улсаас баримт авч ирлээ. Монгол Улсын хүн амын 1915, 1916 онд хийсэн тооллого олдсон. Энэ баримт дээр тухайн айл өрхийн нарийн мэдээллийг бичсэн. Удам судрын хувьд хэн бэ гэдгийг тодруулж болох хэмжээний материалыг Польшоос авч ирж Монголын эрдэмтэд хэвлүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Гэр бүлийн тухай хуулийн төсөл дээр ургийн овгийг хөтлөх, өвлүүлэхтэй холбоотой асуудлыг гэрлэгчдийн эрх үүрэг дээр оруулж өгсөн.
Улсын бүртгэлд байгаа мэдээллээр бол үндэслэлтэйгээр ургийн овгоо бичүүлээгүйгээс болж энэ асуудал замбараагүй болсон. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд буруу хөтлөгдсөн зүйлээ солих эрх зүйн боломжтой.
Гэхдээ энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд ургийн бичгийн журмын зохицуулалтай холбоотой зүйл оруулж ирээд дэмжүүлж болно.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 2018 онд Улсын бүртгэлийн багц хууль батлагдсанаас хойш 712 иргэн ургийн овгоо солиулсан. Архивын лавлагаа, баримт бичгийг авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс найман удаагийн хүн амын тооллогыг яаралтай цахимжуулаад, зөрүүтэй зүйлээ тогтоолгох ёстой. Үүнийг хийвэл Боржгин овог авсан хүмүүс биш болж хувирна.
Өнөөдөр 92 мянган ургийн овог байна. 1918 оны тооллогоор 1,200 овог байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хийсэн судалгаагаар нийт гэр бүлийн 9.2 хувь цус ойртолттой, 21.2 орчим хувь нь цус ойртсон байх магадлалтай, 30 орчим хувь дээр ямар нэгэн согог гарч байна гэсэн.
1915 оны хүн амын тооллогыг Оросууд аваад явсныг Польшоос олоод ирлээ. Үүнийг С.Чулуун доктор 9 боть ном болгож хэвлүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!