Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмын бүс нутагт энэ өвлийн анхны цас их хэмжээгээр орсон нь гамшгийн нөхцөл байдал үүсгэжээ.
Үдээс хойш Сөүл хот болон Кёнги мужид орсон цасны зузаан цагт 5 см-ээр нэмэгдэж байгааг тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн юм.
Орой нь засгийн газар замын хөдөлгөөнд саатал гарах магадлалтай болсныг иргэдэд анхааруулж, гамшгийн түгшүүрийн зэрэглэлийг “анхаарал болгоомжтой байх” төлөвөөс “аюул эрсдэлээс сэргийлэх” төлөв болгон ахиулсан байна.
Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам Гамшиг, Аюулаас Хамгаалах Төвийн бэлэн байдлыг нэгдүгээр ангиллын хамгийн эхний түвшинд шилжүүлжээ.
Орон нутгийн цагаар 19:00 цагт Сөүл орчим, зүүн бүсийн Ганвон муж, баруун төв бүсийн Өмнөд Чунчон мужийн нутаг дэвсгэрт цасны зузаан 5 см хүрсэн байна.
Хурдны замууд дээр халтиргаа гулгаа үүссэний улмаас хөдөлгөөн удааширч, аюулгүй байдлыг хангах үүднээс зарим замуудыг хаажээ.
Цас төвийн бүс нутгаар шөнийн турш үргэлжлэн орж, Баасан гараг хүртэл хүйтний эрч сулрах төлөвгүй байгааг цаг уурын хүрээлэн анхааруулсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!