15 сарын турш Израилийн армид бөмбөгдүүлсэн Газын зурвасыг сэргээн босгохын тулд палестинчуудыг хөрш Арабын орнуудад түр нүүлгэн шилжүүлэх санааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байв.
Газын зурваст амьдардаг 2.3 сая орчим хүний ихэнх нь орон гэргүй болоод байгаа юм.
Пүрэв гарагт Трамп энэ санаагаа давтан илэрхийлэхдээ “Бид тэдэнд ихийг өгсөн, тиймээс тэд үүнийг хийх ёстой” гэж хэлсэн нь бүс нутаг дахь АНУ-ын холбоотон Египет, Йордан улсуудад анхааруулсан хэрэг байв.
Йордан улсад одоо хэдэн сая палестин хүн оршин суудаг бол Египет улсад хэдэн арван мянгаар тоологддог.
Тэгвэл өчигдөр буюу Бямба гарагт Египет, Йордан, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудын гадаад хэргийн сайд нар болон Палестины засаг захиргаа, Арабын Лиг байгууллагын төлөөлөгчид Трампын саналыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
“Нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах, газар нутгийг нь хавсаргах, эздээс нь чөлөөлөх зэрэг ямар нэг үндэслэлээр, ямар нэг аргаар Палестины ард иргэдийн салшгүй эрхийг зөрчих аливаа оролдлогыг бид эрс эсэргүүцэж байна” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ингэх нь бүс нутгийн орнуудад тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж тэд үзэж байгаа ажээ.
Лхагва гарагт Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта эль-Сиси бас Трампын саналыг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэж байв.
“Палестины ард иргэдийг тэдний газар шорооноос нүүлгэн шилжүүлэх шударга бус үйлдэлд бид оролцохгүй” гэж тэр хэлжээ.
Улс төрийн шинжээчид бас Трампын санааг хэрэгжих боломжгүй зүйл гэж үзэцгээж байна.
Тухайлбал Вашингтонд төвтэй Арабын Төвийн Палестин/Израилийн хөтөлбөрийн захирал Юсеф Мунаер энэ долоо хоногийн эхээр хэвлэлд ярихдаа “Трамп янз бүрийн юм ярьдаг. Заримдаа тэр хэлэх гэсэн зүйлээ, заримдаа хэлэх ёсгүй зүйлээ ярьдаг. Заримдаа тэр таван минутын өмнө бусдаас сонссон зүйлээ ч ярьдаг. Заримдаа тэр сонссон зүйлээ буруу ойлгосноо ч ярьдаг” гэж хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл Трампын санааг тэр санамсаргүй амнаас нь унасан бодлогогүй үг байх гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Гадаад хэргийн сайд нарын өчигдөр гаргасан мэдэгдэлд Трампын санааг эсэргүүцэхийн зэрэгцээ “АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаатай “хоёр улс” шийдлийн дагуу Ойрх Дорнодод иж бүрэн энх тайван байдал тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа” мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!