Уншиж байна ...

Ц.Чинбаяр: Менингококкт халдвар илэрсэн гээд тухайн сургууль, цэцэрлэгийг бүхэлд нь карантилах шаардлагагүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Яам болон Хавдар Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "Менингококкт халдвар авснаас хойш 5-7 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Энэ халдвар нь үндсэн хоёр хүнд хэлбэрээр явагддаг. Хүндээр өвдөж буй хүмүүст цаг алдахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай. 

Нэгдүгээр менингит хэлбэрийн үед хүүхэд гэнэт өндөр халуурч, тархины бүрхүүл хальс цочирдлын улмаас толгой хүчтэй өвдөх, бөөлжих, нүд дуу чимээ болон гэрэлд гялбах шинж тэмдэг илэрдэг. 

Хоёрдугаарт менингокцин буюу үжил хэлбэр юм. Энэ үед цаг минут алдахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлснээр хүмүүсийн амь насыг аварна. Хүүхэд гэнэт өндөр халуурах, биеэр тууралт гарах тохиолдолд хүүхдийн халууныг буулгахаар гэртээ хүлээлгээд байдаг нь буруу. Гэнэт цочмог халуурсан, биеэр тууралт гарсан үед хүүхдийг яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. 

Менингококкт халдвар нь манай улсад нэлээд тохиолддог. Жил бүр 3-4 тохиолдол бүртгэгдэж байдаг. Менингококкт халдварыг үүсгэдэг нянг хамар, залгиуртаа тээж явдаг хүмүүс нийт иргэдийн дунд бий. 

Батлагдсан тохиолдол илэрсэн үед тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Нэг ангид сурдаг, хамт амьдардаг болон ажилладаг хүмүүст эмнэлзүйн эмч үзлэг хийнэ. Хэрэв халдвар батлагдвал химийн сэргийлэлт гээд антибиотик уулгадаг. Ингэснээр тухайн хүмүүсийг менингококкт халдвараар өвчлөхгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Мөн уг батлагдсан тохиолдлын хавьтлын хүмүүсийг өвчний нууц хугацааны туршид тусгаарлах шаардлагатай. 

Нэг дүүрэгт юм уу нэг аймагт менингококкт халдварын тохиолдол гарсан гээд тухайн сургууль, цэцэрлэгийг бүхэлд нь карантилах шаардлагагүй. Энэ халдвар нь халуун амьсгал буюу хамгийн ойрын хавьтлаар халдварладаг өвчин. Үүнээс хамгаалж болох хамгийн сайн арга нь маск зүүх, гараа угаах юм. 

Мөн том хүмүүс уг халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөх тохиолдол бий. Энэ хүмүүс шууд эмнэлэгт ирдэггүй, 2-3 хоногийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг арилсны дараа өөрөө мэдэхгүйгээр бусдад халдвар тараадаг. Тиймээс болж өгвөл даарахгүй, халуун зүйл сайн уух, гараа сайн угаагаарай.

Менингококкт халдвар авдаг хүмүүсийн 95 хувь нь нас бардаг гэсэн тоон мэдээлэл байхгүй. Нэн хүндээр өвдсөн тохиолдолд 15-20 орчим хувьд нь нас барах магадлалтай. Халдвар авсан хүн бүр нэн хүндээр өвдөггүй.

Дархлаа дутмагшилтай, дархаа нь гүйцэд тогтож амжаагүй бага насны хүүхэд эсвэл өндөр насны хүмүүс менингококкт халдвараар нэн хүндээр өвдөх эрсдэл өндөр байдаг.

Гэнэт өндөр халуурсан, хоол ундаа идэж чадахгүй, хөл гар нь хүйтэн болсон хүүхдийг хамгийн ойрхон эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмчлүүлээрэй" хэмээн ярилаа.