Уншиж байна ...

ӨАБНУ-аас гаралтай хөрөнгөтнүүдээр хүрээлүүлсэн Трамп тус улсад үзүүлдэг АНУ-ын тусламжийг зогсоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хувь хүмүүсээс газрыг нь булааж авдаг, ингэхдээ зарим ангиллын хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг гэсэн үндэслэлээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) үзүүлдэг бүх тусламжийг зогсоож байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

“Өмнөд Африк улс хүмүүсээс газрыг нь булаадаг, ингэхдээ тодорхой ангиллын хүмүүст маш муухай ханддаг. Энэ байдлыг бүрэн шалгаж дуусах хүртэл тус улсад үзүүлдэг тусламж дэмжлэгийг зогсоож байна” гэж Трамп өчигдөр өөрийн эзэмшлийн сошиал платформд бичсэн юм.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза өнгөрсөн сард олон нийтийн ашиг сонирхлын үүднээс зарим газрыг тодорхой нөхөн төлбөрөөр хувь хүмүүсээс авах тухай хуулийг баталж байв.

Ингэхдээ бусдын өмчийг дур мэдэн булаахгүй, өмчлөгчтэй нь тохиролцохыг тус улсын эрх баригчид амласан юм.

Гэсэн хэдий ч хөрш Зимбабве улсад 1980 онд тусгаар тогтносны дараа цагаан арьст иргэдийн газрыг ямар нэг нөхөн төлбөргүйгээр хураан авч байсан шиг нөхцөл байдал үүсэх вий гэсэн түгшүүр ӨАБНУ-ын нийгмийн зарим хэсэгт бий болжээ.

Арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэм төгсгөл болсноос хойш 30 гаруй жил өнгөрч байгаа ч тус улсын тариалангийн ихэнх газар цагаан арьст иргэдийн өмчлөлд хэвээр байгаа юм.

1913 оны “Native Land Act” хуулиар ӨАБНУ-д олон мянган хар арьст иргэдийг төрөлх газар нутгаас нь албадан нүүлгэж байжээ.

Үүнтэй холбоотой газар нутгийн маргаан одоо болтол үргэлжилдэг.

ӨАБНУ-аас гаралтай технологийн салбарын хөрөнгөтнүүдээр хүрээлүүлсэн Дональд Трамп ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна.

Түүний гол зөвлөхүүдийн нэг тэрбумтан Илон Маск 1971 оны зургаадугаар сарын 28-нд ӨАБНУ-ын Претор хотод цагаан арьст гэр бүлд төрж, өсвөр насандаа гадаадад цагаачилсан юм.

ӨАБНУ-д 1990 оныг хүртэл цагаан арьстнуудын апартейд дэглэм тогтож байсан бөгөөд 1994 онд анх удаа олон арьстнууд тэгш эрхтэй оролцсон улс төрийн сонгууль зохион байгуулагдаж байжээ.

Саяхан Трамп хиймэл оюун, криптовалютын асуудал хариуцсан зөвлөхөөрөө Масктай цуг PayPal компанийг үүсгэн байгуулж байсан Дэвид Саксыг томилсон. Тэр бас ӨАБНУ-аас гаралтай хүн юм.

Трамптай дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийг танилцуулсан PayPal-ийн бас нэг үүсгэн байгуулагч, тэрбумтан Питер Тиль мөн бага залуудаа Өмнөд Африк болон Намибид амьдарч байжээ.

Трамп эхний засаг захиргааныхаа үеэр Өмнөд Африкт цагаан арьстнуудыг олноор нь хядсан гэмт хэргийг АНУ мөрдөн шалгах гэж байгаа тухай ярьж байв.

Тухайн үед Преторийн эрх баригчид Трампт буруу мэдээлэлтэй байгааг нь сануулж байжээ. Гэхдээ ийм шалгалтыг Трампын засаг захиргаа явуулсан тухай тодорхой мэдээлэл гарч байгаагүй юм.

 

Эх сурвалж: AFP