Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд "Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт хяналтын сонсгол үргэлжилж байна.
Сонсголын үеэр УИХ-ын зарим гишүүн асуулт асууж, холбогдох оролцогчид хариултаа хэлснийг түүвэрлэн хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2019-2024 онд Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Химийн технологийн хүрээлэнд хийгдсэн шалгалтаар сайжруулсан шахмал түлшнээс "ямар ч хортой бодис илрээгүй" гэж дүгнэжээ. Яагаад ингэж дүгнэсэн бэ?
Химийн шинжлэх ухааны доктор н.Нарангэрэл: Зарим төрлийн нүүрсэнд мөнгөн ус, хүнцэл, хар тугалга, кадми зэрэг хортой элементүүд байдаг.
Эдгээр онц хортой элементийг агуулаагүйг хэлж байгаа юм. Түүнээс биш өөр бодисын тухайд яриагүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий технологичоос сонин юм сонслоо. Аравдугаар сард мидлингийн дэгдэмхий хий нь их байсан. Үүний дараа арваннэгдүгээр сард шинэчилсэн гэрээ хийгээд дэгдэмхий хий буурсан гэх юм. Ямар гэрээ хийхээр мидлингийн дэгдэмхий хий нь буурдаг юм бэ?
"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл: Мидлингийн дэгдэмхий бодис аравдугаар сард өссөн шалтгаан нь зун бороо их орсонтой холбоотой. Нүүрс байгалийн нар, салхи, шороонд байнга исэлдэлтэд орж байдаг.
Тухайн үед нийлүүлсэн мидлинг чийгтэй ирснээр дэгдэмхий бодисын гарц өссөн гэсэн үг. Үүнийг өнгөрсөн оны аравдугаар сард мэдээд “Бага дэгдэмхийтэй түлш” нийлүүлэх хүсэлт ирсэн. Улмаар арваннэгдүгээр сард гэрээ дууссан байсан учраас гэрээг шинэчилж байгуулсан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Мидлинг нийлүүлж байгаа компаниас асууя. Танайх үнэгүй нийлүүлдэг үү, мидлинг нийлүүлсний хариуд ямар нэгэн татвараас чөлөөлөгддөг үү?
"Энержи ресурс" компанийн захирал Г.Батцэнгэл: Манай компани 2018 онд "Тавантолгой түлш" ХХК-тай үнэ төлбөргүй нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.
Энэ хугацаанд 149 орчим тэрбум төгрөгийн үнэ цэнтэй гурван сая орчим тонн нүүрс нийлүүлээд байна. 2024 оны эцсийн байдлаар гэрээ дүгнэсэн актаа тогтсон байгаа.
Дээрх хугацаанд компани борлуулалтын орлого олоогүй. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, НӨАТ гэх мэтчилэн татварыг хуулийн дагуу төлөөд явж байсан.
Нөгөө талдаа хууль тогтоомжийн хүрээнд нийт 24 Аж Ахуйн Нэгж (ААН) агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгддөг. Энэ дагуу чөлөөлсөн бөгөөд нийт дүн ойролцоогоор 18 тэрбум төгрөг буюу энэ хэмжээгээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!