Монгол Улсын төдийгүй Дэлхийн биеийн тамир, спортын салбарт үнэлж баршгүй гавьяа байгуулж, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн ахмад төгсөгч, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “ХҮНДЭТ ДОКТОР” цол олгожээ.
Боловсролын Яамны Дээд боловсролын газрын дарга, доктор Ж.Ариунболд, МУБИС-ийн Ректор, профессор Батбаатар, Монгол улсын Ардын багш Бадрахын Жадамба, Монгол улсын Ардын багш Цэдэвийн Өнөрбаян, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг Бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгсжээ.
1979 оноос хойш Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон түүхтэй.
Тэрбээр Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа анх удаа “Монгол үндэсний бөхийн кабинет”-ыг санаачлан тохижуулж, үндэсний бөхийн өв уламжлалыг оюутан залууст түгээн дэлгэрүүлж, үндэсний бөхийн уламжлал, хөгжил, барилдах арга техникийн талаар судалгаа хийхийн зэрэгцээ оюутнуудыг секцэд хамруулан үндэсний бөхийн эрдэмд сургасан байна.
Мөн 1994 онд “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал" сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2021 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нь Монгол улсын болон ОХУ-ын гавьяат тамирчин, Монгол Үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны “Манлай бөх” цолыг тус тус хүртэж төгссөн сургууль, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!