Индэр    
2025 оны 5 сарын 28
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

Цэвэршилтийг хойшлуулах боломжтой юу?

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зарим эмэгтэй цэвэршилтийг сарын тэмдэг, жирэмслэлтээс ангижрах жам ёсны үйл явц гэж тайван хүлээн авдаг бол зарим нь энэхүү өөрчлөлтийг насжилт руу алгуур гулсаж буй хэцүүхэн дохио гэж хардаг.

Гэвч бодит байдал дээр тухайн хүн үүнийг хүлээн зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай цэвэршилт хэзээ болохыг бид шууд удирдах боломжгүй.

Ихэнх эмэгтэйн хувьд цэвэршилтийн дундаж нас ойролцоогоор 51 байдаг. Нэг жилийн турш сарын тэмдэг огт үзэгдээгүй бол цэвэршилт болсон гэж үздэг. Энэ үед өндгөвч өндгөн эс ялгаруулахаа больж, тэр дундаа эстроген дааврын ялгаралт эрс багасдаг.

Хэзээ цэвэрших вэ? гэдэг нь голчлон удамшил болон гэр бүлийн түүхээс шалтгаална. Өөрөөр хэлбэл тухайн хүний ээж хэдэн насандаа цэвэршсэн нь цэвэршилтийн хугацааг тодорхойлох магадлал өндөр. Гэвч амьдралын хэв маяг, хооллолт, боловсрол, хорт зуршлын хэрэглээ зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Одоогийн байдлаар анагаах ухаанд цэвэршилтийг зориудаар хойшлуулах боломжтой эм, бэлдмэл гэж байхгүй байна. Гэвч зарим судалгаагаар тухайн хүний амьдралын хэв маяг цэвэршилтэд нөлөөлж болзошгүйг харуулсан байдаг.

Цэвэршилтийн нас нь хүн бүрд харилцан адилгүй байдаг боловч 45–55 насны хооронд эхлэх нь түгээмэл. 40 наснаас өмнө эхэлбэл эрт цэвэршилт, 55-аас хойш эхэлбэл орой цэвэршилтэд гэж үздэг. Эрт цэвэрших нь ясны сийрэгжилт, зүрх судасны өвчин, ой санамж муудах, бэлгийн дур хүсэл багасах, шээс задгайрах зэрэг сөрөг үр дагавартай.

Харин 55 наснаас хойш цэвэрших нь ясны сийрэгжилтийн эрсдэл багасаж зүрх судасны эрүүл мэнд сайнаар нөлөөлдөг хэдий ч ой тогтоолт муудах, бэлгийн дур хүсэл багасах, шээс задгайрах зэрэг асуудал хожуу ч гэсэн илэрдэг. Түүнчлэн хөхний хорт хавдар, умайн хөндийн салстын (эндометр) хавдар, өндгөвчний хавдрын эрсдэлүүд нэмэгддэг.

Одоогийн байдлаар анагаах ухаанд цэвэршилтийг зориудаар хойшлуулах боломжтой эм, бэлдмэл гэж байхгүй

Цэвэрших үед хийгддэг даавар орлуулах эмчилгээ нь шинж тэмдгийг багасгахад зориулагдсан боловч цэвэршилтийг хойшлуулдаггүй. Халуу оргих, нойргүйдэх, үтрээний хуурайшилт зэрэг шинж тэмдгийг багасгадаг, яс сийрэгжилтийн эрсдэлтэй хүмүүст тустай. Зарим судалгаагаар энэхүү эмчилгээ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж үзэж байсан ч сүүлийн үеийн судалгаанууд бага тунгаар, богино хугацаанд хэрэглэвэл аюулгүй байгаа талаар дурдсан байдаг.

Тэгвэл амьдралын хэв маяг цэвэршилтийг хойшлуулж чадах уу?

  • Нэг удаа төрсөн бол эрт цэвэрших эрсдэл 8%, хоёр удаа бол 16%, гурав удаа бол 22%-аар буурч байна гэсэн тоо баримт байдаг. Мөн 7-12 сарын турш хүүхдээ хөхөөрөө хооллосон эмэгтэйчүүд эрт цэвэрших магадлал багатай байдаг гэнэ.
  • Боловсрол багатай эмэгтэйчүүд эрт цэвэрших эрсдэл өндөр боловсролтой эмэгтэйчүүдээс долоо дахин өндөр. Үүний цаана яг ямар шалтгаан байна вэ? гэдгийг бүрэн тогтоогоогүй ч энэ нь амьдралын хэв маягтай холбоотой байж болзошгүй.
  • Тогтмол дасгал хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэрт байдалд эергээр нөлөөлдөг. Мөн сэтгэл зүй, нойрны хэмнэлд ч тустай.
  • Тамхи татдаг эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт тохиолддог нь судалгаагаар тогтоогдсон.
  • Антиоксидант, омега-3 ихтэй хоол хүнс нь өндгөвчний эсийг хамгаалж, цэвэршилтийг хойшлуулж болох талаарх зарим судалгаа бий.

Эдгээр арга нь цэвэршилтийг баттай хойшлуулахгүй ч цэвэршихээс өмнө, цэвэршилтийн үед, цаашлаад цэвэршилтийн дараах ямар ч үед хүнийг эрүүл энх байхад нь нэн тустай.

Амьдралын хэв маягийг хэчнээн сайжрууллаа ч цэвэршилтийн нас нэгэнт ойртсон бол ашиг тусаа өгөх магадлал бага. Харин аль болох залуу наснаас эхлэн зөв амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хожуу насанд ашиг тусаа өгч эрүүл, чанартай, урт удаан амьдрах боломжийг өөртөө бүрдүүлэх боломжтой.

 

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг