Индэр    
2025 оны 4 сарын 10
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

Гүйлтийн ач тус

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гүйлт нь бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдал, оюуны болон сэтгэн бодох чадварт олон талын эерэг нөлөөллийг үзүүлдэг бидэнд хамгийн тустай бөгөөд энгийн дасгал хөдөлгөөнүүдийн нэг юм. Гүйгчид болон спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс дасгалын үед болон дасгалын дараа яг юу мэдэрдэг бол. Тэд бие, сэтгэлээрээ яагаад дасгал хөдөлгөөн хийхэд шунан дурлаад байна вэ?

Мэдээж эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө, цагийг үр дүнтэй өнгөрөөх хүсэл, өөртөө тавьсан зорилгодоо хүрэх гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь эргэлзээгүй. Үүнээс гадна гүйж эсвэл өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх үед тухайн хүмүүс “Runner's high” буюу “Гүйгчийн баяр хөөр”-ийг мэдэрдэг гэнэ. Гүйж эхлэх үед амьсгал түргэсэж, зүрхний цохилт нэмэгдэж, цусны эргэлт эрчимждэг энэ мэт үргэлжилсээр аажмаар өндөр хэмжээнд хүрч, жигдрэх үед хүний бие “эндорфин” буюу “аз жаргалын даавар” ялгаруулах бөгөөд энэ үед тухайн хүн баяр хөөрийн байдал руу (euphoric state) шилжинэ. Яг л хайрлаж дурлах, сайхан мэдээ сонсох, аз тохиох, аялах зугаалах эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үед баяр баясал, аз жаргал, эрч хүчээр дүүрэн байх үед үүсдэг мэдрэмжүүдтэй гүйлтээс мэдэрнэ гэсэн үг.

Түүнчлэн гүйсний дараа хүний биед “Эндоканнабиноид” гэх каннибастай (мансууруулах бодис) адил төстэй бүтэцтэй нэгдэл үүсдэг ба үүний нөлөөллөөр тухайн хүний сэтгэл санаа хөөрөлд ордог байх магадлалтай талаар зарим судлаачид дурдсан байдаг. Тиймээс гүйснээр түр хугацаанд сэтгэл гутралыг шинж тэмдгүүдийг (сэтгэлээр унах, гуниглах, нойргүйдэх, анхаарал сулрах, өөртөө итгэлгүй байх гэх мэт) бууруулж, тайвшралыг мэдрэх боломжтой гэж үздэг.

Энэхүү сэтгэл ханамжтай байдал нь олон хүний гүйлтийн спортоор хичээллэх бас нэгэн шалтгаан байж болох юм. Үүнээс гадна бидний мэдвэл зохих гүйлтийн зарим ач тусыг дурдъя.

  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлтийг идэвхжүүлснээр зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна, зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ.
  • Гүйх үед биеийн ачаалал авснаар биед хуримтлагдсан илчлэгийг ихээр зарцуулдаг тул биеийн жингээ зохицуулахад болон хасахад тусалдаг. Мөн гүйх үед бие ядардаг хэдий ч стрессийн түвшин буурч, нойрны чанар сайжирдаг. Олон олон гүйгчид илүү хурдан унтаж, илүү амархан сэрдэг тухайгаа хуваалцсан байдаг.
  • Тогтмол гүйдэг хүмүүсийн дунд Альцгеймер зэрэг танин мэдэхүйн өвчин эмгэгүүд тохиолдох магадлал бага байдаг, түүнчлэн гүйлт нь санах ой болон суралцах чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
  • Гүйлтийг дадал хэвшил болгосноор хүний биеийн ерөнхий дархлаа тогтолцоо сайжирдаг. Улмаар хөнгөн халдварт өвчин, ханиад зэргээс урьдчилан сэргийлж чадна. Үүгээр ч зогсохгүй гүйгчдийн ерөнхий эрүүл мэнд сайн байдаг тул дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүстэй харьцуулахад аливаа өвчин эмгэг тусах магадлал бага, урт наслах боломж өндөр гэж олон эх сурвалжууд дурдсан байна.

Илүү өргөн хүрээгээр харвал хүмүүс гүйх хоббитой болсноор ижил төрлийн сонирхолтой нийгмийн бүлэгт багтаж, гүйлтийн клубүүдийн гишүүн болж хүрээллээ тэлж цагийн хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөх нөхцөлийг бий болгох боломжтой. Хүмүүстэй туршлагаа солилцож, эерэг харилцаатай байснаар нь бие биедээ урам зориг өгч, тууштай байхад тусалдаг.

Эцэст дүгнэж хэлэхэд гүйлт нь бидний бие махбод төдийгүй сэтгэл зүй, оюуны чадавх, нийгмийн харилцаанд хүртэл эерэг нөлөөг үзүүлэх боломжтой. Тогтмол гүйж хэвшсэнээр таны өдөр тутмын амьдралын хэв маягаас эхлээд, амьдралын чанарт ихээхэн эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Хэрэв та анх гүйж эхлэх гэж байгаа эсвэл урьд өмнө нь дасгал хөдөлгөөн хийж байсан туршлагагүй бол биеийн байлдаа эмчид үзүүлж, мэргэжлийн багш дасгалжуулагчаас зөвлөгөө аваарай. Танд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.200] 2025/4/11
Өдөр бүр алхах санаачлагатай хүмүүст зам нь ч нэг үеэ бодвол гайгүй болсон, тийм иргэд алхахад эвтэй гутал хувцасаа ядаж өмсчихдөг болсон сайн талууд ажиглагддаг болжээ. Харин зам барихаараа траншейны тагийг замтай нэг төвшинд бат бэх хийх, алхахад замд саад болохуйц сандал зэргийг зөв газар байрлуулмаар бна.
1 | 0 Хариулах
Boroo [103.57.93.131] 2025/4/10
90 nas hureed Radnaa guai shig hongon shingen baigee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.134] 2025/4/10
Маш их таалагдлаа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.40] 2025/4/10
Гэвч хэт их гүйх, буруу гүйх, эсвэл буруу байршлаа засаагүй байж гүйх нь гэмтэл авах, удаан хугацаандаа яс, жийргэвч элэгддэг сөрөг талтай ! Хөгшрөхөөрөө асуудалд орно. Тамирчид бол багаасаа хэт их хичээллэсэн учир хөгшрөхөө хүлээхгүй залуугаасаа асуудалд ордог. Тааруулах хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.81] 2025/4/10
Аан ийм учиртай байх нь ээ, энэ талаас нь харж бодож байгаагүй юм бна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.215] 2025/4/10
МОНГОЛД ТЭР ДУНДАА УБ-Т ГҮЙХ ГАЗАР ҮНЭНДЭЭ АЛГА. ХҮН БҮР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЯВЖ ЧАДАХГҮЙ. ГҮЙХ ГЭХЭЭР АГААРЫН БОХИРДОЛ, УТАА ТООС ШОРОО, ГҮЙЛТИЙН ЗАМ ГЭЭД БӨӨН АСУУДАЛ. ЧАДАХГҮЙ ХҮНД ШАЛТГААН ГЭДЭГ ШИГ Л
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.60] 2025/4/10
УЛААНБААТАРТ ГҮЙНЭ ГЭДЭГ ЧИНЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХОРЛОСНООС ЯЛГААГҮЙ БОЛЧООД БАЙНА
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.40] 2025/4/10
Байхгүй. Гүйх байтугай алхчих газар байхгүй.
0 | 1 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/4/10
Японд сурч байхдаа шөнөөр сургуулийнхаа талбай дээр очиж гүйдэг байлаа. Хүнгүй гоё байж дээ. Манай сургуулиуд ядаж аятайхан талбайтайсан бол
0 | 1 Хариулах