Зураг
Зураг
Индэр    
2023 оны 7 сарын 25
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

Гайхамшгаар бүтсэн хүүхэд 45 нас хүрлээ

Зураг

Долдугаар сарын 25-ны энэ өдөр дэлхийн анагаах ухааны хөгжилд нэгэн том ололт бүртгэгдсэн билээ.

Их Британид “Шидэт хүүхэд” хэмээх тодотголтой бяцхан охин үр шилжүүлэн суулгах эмчилгээний тусламжтай мэндэлсэн. Луиза Браун хэмээх тэрхүү охин өнөөдөр 45 нас хүрч байгаа бөгөөд Англи улсад эрүүл саруул аж төрж байна. Энэхүү нээлтийг хийсэн эрдэмтэн судлаач, эмч нар нь 2010 онд Нобелийн шагнал хүртсэн.

1978 онд үед үр шилжүүлэн суулгах эмчилгээний амжилтын магадлал 1%-иас ч бага байсан бол орчин үед шинжлэх ухааны үсрэнгүй бас зогсолтгүй хөгжлийн үр дүнд 30-40% болж хромосомын түвшинд ч судлан шинжлэх боломж бүрдсэн.

2018 оны байдлаар дэлхийн дахинд 8 сая ба түүнээс дээш тооны хүүхэд үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд төрсөн байсан бөгөөд одоогоор жилд дунджаар 2.5 сая эмчилгээ хийгдэж 500,000 хүүхэд төрж байна. 2020 оны байдлаар дэлхий дахинд төрж байгаа 27 хүүхэд тутмын нэг нь нөхөн үржихүйн технологийн тусламж (үр шилжүүлэн суулгах болон бусад) авсан гэсэн тоо баримт байдаг.

Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь үргүйдлийн даван туулах, үргүйдэлтэй хосуудад туслах маш үр дүнтэй эмчилгээний аргад зүй ёсоор тооцогддог. Мөн хавдартай хими, туяа эмчилгээ шаардлагатай өвчтөнүүд болон гэр бүл төлөвлөлтөө хойшлуулж буй хүмүүсийн нөхөн үржихүйгээ хадгалах гарц юм. Иймд өндөр хөгжилтэй орнууд хүн амынхаа өсөлт, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих бодлогын хүрээнд энэхүү эмчилгээг шаардлагатай хүмүүст эрүүл мэндийн даатгалаар авах боломжийг олгосон байдаг.

Манай орны хувьд ЭХЭМҮТ болон хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэг үр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсын түвшинд хийж байгаа тул эх орондоо, эх хэл дээрээ эмчилгээ үйлчилгээ авах бүрэн боломжтой.

Түүнчлэн бэлгийн эсийн донор болон тээгч эхтэй холбоотой хууль, журмууд үе шаттайгаар боловсруулагдаж байна. Гэвч одоогоор эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй тул хосууд хувийн зардлаар эмчилгээндээ хамрагдах шаардлагатай.