Бие болон сэтгэцийн эрүүл мэндийн тэнцвэрийг хангах үндэс нь сайтар унтаж амрахаас эхэлдэг.
Насанд хүрсэн хүмүүс шөнөдөө 7-8 цагийн турш унтах хэрэгтэй. Бүрэн, хангалттай унтаж амрах нь таныг өдрийн турш эрч хүчтэй байхад туслахаас гадна зохистой нойрны хэмнэлтэй байж хэвших нь таны эрүүл мэнддээ оруулж буй чухал хөрөнгө оруулалт бөгөөд дараах ач тустай.
Сэтгэл санаа сайжирна
Унтаж байх үед бие амарч, энергийн түвшин нэмэгддэг учраас бид сэрэхдээ эрч хүчтэй болсон байдаг. Харин хангалттай нойр авч чадаагүй хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болох стресс бухимдалд өртөх магадлал нэмэгддэг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл түгшил, сэтгэл гутралд хүргэдэг.
Эрүүл зүрх
Сайтар унтаж амарснаар зүрх судасны тогтолцоо хэвийн ажиллах боломж бүрддэг. Нойрсож байх үед зүрхний цохилт тогтворжиж, цусны даралт буурдаг. Дутуу нойр нь цусны даралт өндөр байх нөхцөлийг бүрдүүлдэг учир зүрхний шигдээс, зүрхний дутагдалд хүргэх шалтгаан болдог.
Цусны сахрыг зохицуулна
Нойр нь инсулин гэх цусан дахь глюкозыг (сахар) зохицуулдаг даавартай хамааралтай бөгөөд долоо ба түүнээс дээш цаг унтаж амардаг хүмүүс хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдэл бага байдаг.
Сэтгэцийн үйл ажиллагааг дэмжинэ
Нойрыг ой тогтоолт болон танин мэдэхүйтэй салшгүй холбоотой гэж үздэг. Үүгээр тогтохгүй зарим эх сурвалж нойрсох үед тархи болон мэдрэлийн эсүүд нөхөн төлжиж, эргэн сэргэж байдаг гэж үздэг. Улмаар хүн сэрүүн үедээ шинэ мэдээллийг хүлээн авч, боловсруулан оновчтой шийдвэр гаргах, асуудлыг зохицуулахад хялбар болдог байна. Өөрөөр хэлбэл хангалттай унтаж амарснаар ажил, амьдралын бүтээмж нэмэгдэнэ.
Харин дутуу нойртой долоо хоног явахад л аливаа зүйлийг эрүүлээр сэтгэх, шинэ орчинд дасан зохицох, хариу урвал үзүүлэх, суралцах чадвар удааширч эхэлдэг. Жишээлбэл нойрмог жолооч осол гаргах магадлал хамгийн өндөр байдаг гэдгийг бид мэднэ шүү дээ.
Түүнчлэн шөнөдөө таван цаг л унтдаг хүмүүсийн шийдвэр гаргах чадвар хангалттай унтаж амардаг хүмүүстэй харьцуулахад сул байдаг. Тэд алсын үр дүнгээс илүү хэсэг хугацааны ашиг сонирхолд үндэслэж асуудалд ханддаг тухай гэж эх сурвалжууд дурдсан байна.
Хүчирхэг дархлаа
Хүүхэд болон шилжилтийн насныханд нойрсох үед өсөлтийн даавар ялгардаг. Тус даавар нь эд, эс нөхөн сэргэх боломжийг олгодог. Түүнчлэн унтах үед ялгарсан цитокинууд нь халдварын эсрэг тэмцэж байдаг. Иймд дутуу нойр нь бие махбодыг халдварт өртөмхий болгодог бөгөөд дархлааг сулруулж байдаг.
Стресс тайлна
Стресстэй тэмцэх хамгийн эхний алхам бол шөнөдөө сайтар унтаж амрах юм. Хангалттай нойр авсан үед сэтгэл түгшил, сэтгэл гутрал болон бусад стресстэй холбоотой асуудал үүсэх эрсдэл бага.
Биеийн ачаалал даах чадвар нэмэгдэнэ
Ихэнх тамирчин зайлшгүй найман цагийн турш унтаж амарч, хэт ачаалал авахаас сэргийлснээр биеийн ачаалал даах чадвараа нэмэгдүүлж амжилтад хүрдэг гэдгийг та мэдэх үү? Дутуу нойртой бэлтгэл хийх нь ядарч сулдахаас эхлээд сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэхээс гадна бэртэл, гэмтэл авах эрсдэлийн нэмэгдүүлдэг байна.
Биеийн жин тогтвортой байх
Чанартай нойр, дасгал хөдөлгөөн, стресс менежмент, эрүүл зөв хооллолт нь биеийн жингээ тогтвортой байлгах үндэс юм. Нойрсож байх үед хоолны дуршил бууруулагч даавар их ялгардаг бол эсрэгээрээ дутуу нойртой байх нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна.
Хангалттай унтаж амрах бие болон сэтгэлээ баярлуулах өөртөө олгож буй шагнал тул та анхаарлаа хандуулахаа мартуузай.