Өнгөрсөн Даваа гарагт Саудын Арабын Про лиг албан ёсоор өндөрлөсөн билээ. Үүний дараа португал довтлогч Криштиану Роналдугийн ирэх улирлын ирээдүйн талаар янз бүрийн таамаг эрчээ авсан.
Сүүлийн гурван улирлыг Саудын Арабын "Аль Насср" багт өнгөрүүлсэн ч ямар нэг цом авч чадаагүй португал эр ирэх улиралд өөр багт тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Улирлын сүүлийн тоглолтод "Аль Фетах" багт 2:3-аар дийлдэхэд эсрэг багийнхаа хаалгыг мялаасан 40 настай довтлогчийн гэрээ энэ зун дуусгавар болж буй юм.
Түүний баг хүснэгтийг тэргүүлэгч "Аль Иттихад"-аас 13 онооны зөрүүтэйгээр гуравдугаарт жагссан. Ингэснээр Азийн Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан байна.
Харин Роналду энэ улирлын 25 дахь гоолоо оруулж, лигийн мэргэн буучаар тодорчээ.
Тэрбээр "Аль Насср" клубэд 2022 онд нэгдсэн. Түүнээс хойш 105 тоглолтод оролцохдоо 93 гоол оруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Испанийн "Marca" хэвлэлд бичсэнээр бол нэр нь тодорхойгүй Бразилын баг Роналдуд санал тавьсан байна. Ингэхдээ ирэх улирлын клубийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрхтэй баг гэж онцолжээ.
Одоогоор тус улсын "Ботафого", "Флуминенсе", "Фламенго", "Палмейрас" зэрэг баг дээрх тэмцээнд оролцох эрхтэй аж.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|