МАН-ын Бага хурлын санал хураалтын дүн гарчээ. Нууцаар, цаасаар явуулсан санал хураалтын дүнгээр Бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Харин бусад гишүүд заалнаас нэрээ дэвшүүлсэн Г.Тэмүүлэнд саналаа өгчээ.
Ийнхүү дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох саналаа эрх баригч нам баталгаажууллаа.
Хуулийн дагуу намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
24.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
24.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
24.3.Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!