Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эрх баригчид нохой салхилуулахад тавьсан хоригоо өргөжүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ираны нийслэл Тегеран хотод 2019 онд нохойг гадуур салхилуулахыг хориглох шийдвэр гарч байжээ.

1979 оны Исламын хувьсгалаас хойш тус улсын эрх баригчид нохойг “бохир амьтан” хэмээн үзэж, нохой гэртээ тэжээхийг барууны соёлоос өвлөгдсөн зүйл гэж буруушаах болсон юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ираны эрх баригчид нохой салхилуулахад тавьсан хоригоо өөр 18 хотод өргөжүүлж, бас нохойг тээврийн хэрэгсэлд авч явахыг нэмж хоригложээ.

Хамгийн сүүлд Исфахан, Керман зэрэг хотуудад хориг үйлчилж эхэлснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эрх баригчид хоригийг зөрчвөл “хуулийн дагуу арга хэмжээ” авахаа анхааруулжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд уг хоригийн хэрэгжилт хангалттай байгаагүй юм. Тегераны олон нийтийн газруудад нохой хөтөлсөн хүмүүс мэр сэр тааралддаг байв.

Баруун бүсийн Хамедан хотын ерөнхий прокурор Аббас Нажафи “Нохой салхилуулах нь нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухыг алдагдуулсан үйлдэл юм” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Өмнөх зарим тохиолдолд цагдаа нар нохойн эзнийг баривчлах, нохойг хурааж авах арга хэмжээ авч байсан удаатай.

Тиймээс хүмүүсийн ихэнх нь шөнийн цагаар нохойгоо салхилуулдаг байжээ.

Исламын шашны номлогчид нохой тэжээх, шүлсэнд нь хүрэхийг “бузар” гэж үздэг.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени өмнө нь мал маллах, ан ав хийх, харуул хамгаалалтад ашиглахаас бусад зорилгоор нохой эзэмшихийг “жигшүүртэй үйлдэл” гэж шүүмжилж байв.

Ираны соёлын яам 2010 онд тэжээвэр амьтад болон тэдгээртэй холбоотой бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хориглосон юм.

2014 онд парламентын хэсэг гишүүд нохой салхилуулсан хүнийг ташуурдах хүртэл шийтгэл оноох хуулийн төсөл санаачилсан нь дэмжигдээгүй байна.

Нохой тэжээх, эмэгтэйчүүд толгойдоо хижаб зүүхгүй байх, нууц үдэшлэг зохион байгуулах, архи дарс уух зэрэг нь Ираны хуучинсаг дэглэмийг эсэргүүцэх чимээгүй тэмцлийн хэлбэрүүд байсаар ирсэн юм.

 

Эх сурвалж: BBC