Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Францын автомашин үйлдвэрлэгч Renault компани Украинд дрон үйлдвэрлэх боломжийг судалж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Францын засгийн газар Украинд нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх боломжийг судалж үзэх хүсэлт ирүүлсэн талаар тус улсын автомашин үйлдвэрлэгч Renault компани Ням гарагт мэдээлжээ.

“Батлан хамгаалах яамнаас бидэнд хандсан. Санал солилцсон боловч одоохондоо яамны зүгээс илүү тодорхой мэдээлэл авахаар хүлээж буй тул ямар нэг шийдвэр гараагүй байна” гэж Renault компанийн хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт ярьсан байна.

Үүнээс өмнө Францын зарим хэвлэл тус компанийг фронтын шугамд ойрхон газарт дроны үйлдвэрлэл явуулах гэж буй талаар албаны эх сурвалжаас уламжлан мэдээлж байжээ.

Украин улс Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ нисгэгчгүй онгоцыг түлхүү ашиглаж байгаа.

Зургаадугаар сарын нэгэнд тус улсын тусгай албад Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын баазуудад “Аалзны тор” нэртэй ажиллагаа явуулахдаа 100 гаруй нисгэгчгүй онгоц ашигласан юм.

Баасан гарагт Францын батлан хамгаалахын сайд Себастьен Лекорну “Францын автомашин үйлдвэрлэлийн томоохон компани батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчидтэй нэгдэж, Украинд дроны үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй” тухай хэвлэлд ярьсан байна.

Үйлдвэрлэх дроныг Украины зэвсэгт хүчин ашиглахаас гадна Франц улс өөрийн батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглахыг тэр хэлж байжээ.

Украинд үйлдвэр байгуулах болсон шалтгаан нь Украины тал нисгэгчгүй онгоцны хөгжүүлэлт, ашиглалтаар Францаас илүү туршлага, мэдлэгтэй болсонтой холбоотойг сайд тайлбарласан байна.

Францын засгийн газар Renault компанийн 15 хувийг эзэмшдэг ажээ.

 

Эх сурвалж: AFP