Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч Бямба гарагт нийслэл Богота хотод зохион байгуулсан кампанит ажлынхаа үеэр гурван удаа буудуулсны дараа эмнэлэгт хүргэгджээ.
Гурван сумны хоёр нь түүний толгойг оносон байна.
Нэр дэвшигч, 39 настай сенатын гишүүн Мигел Урибе Турбайг буудсан сэжигтэн 15 настай хүүг баривчилснаа Колумбын прокурорын газар мэдээлжээ.
“Мигел одоо амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Түүнийг эмчилж байгаа эмч нарт туслахыг бүгдээрээ бурхнаас гуйцгаая” гэж нэр дэвшигчийн гэргий Мариа Клаудиа Таразона олон нийтэд уриалсан байна.
Урибегийн харьяалагддаг Центро Демократико нам уг халдлагыг “Колумбын ардчилал, эрх чөлөөнд” учирсан аюул занал гэж мэдэгджээ.
Нэр дэвшигчийг буудуулсны дараа нисдэг тэргээр Санта Фе Фаундэйшн эмнэлэгт хүргэсэн байна. Урибегийн биеийн байдал хүнд, яаралтай хагалгаанд орсныг Богота хотын захирагч Карлос Фернандо Галан өчигдөр мэдээлжээ.
Дараа нь эмнэлгийн захиргаа толгой болон зүүн гуяндаа хагалгаа хийлгэсний дараа нэр дэвшигч сэхээн амьдруулах тасагт шилжсэн талаар мэдээлсэн байна.
Колумбын ерөнхийлөгч Густаво Петро уг халдлагыг эрс буруушааж, үүнийг зөвхөн хувь хүний эсрэг бус, ардчиллын эсрэг үйлдэл гэж тодорхойлжээ.
Аллагыг захиалсан этгээдийг илрүүлэхэд тусалсан хүнд гурван тэрбум песогийн ($730,000) шагнал амлаж байгааг Колумбын батлан хамгаалахын сайд Педро Санчес зарласан байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг халдлагыг “ардчиллын аюул занал” гэж нэрлээд үүнийг “Колумбын засгийн газрын өндөр түвшинд үүрлэсэн зүүнтний хүчирхийллийн үзэл санаанаас улбаатай” хэмээн буруутгажээ.
Үнэхээр сүүлийн өдрүүдэд Колумбын эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын тэмцэл эрчимтэй хурцдаж байсан юм.
Зүүний үзэл баримтлалтай ерөнхийлөгч Густаво Петро хэдийгээр Урибе болон засгийн газрын хооронд улс төрийн үзэл санааны зөрчил байсан ч хүчирхийлэлд хүрэх хэмжээнд биш болохыг тайлбарласан байна.
“Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол колумбчууд бүгдээрээ доктор Мигел Урибегийн амь насны төлөө чин сэтгэлээсээ залбирах юм” гэж тэр хэлжээ.
2022 оноос хойш сенатад сууж буй барууны үзэлтэй Урибе нь ерөнхийлөгч Петрогийн бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм.
Тэрбээр дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэрийг аравдугаар сард зарлаж байв.
Түүний эцэг үйлдвэрчний эвлэлийн тэргүүн, бизнесмэн, Колумбын Либерал намтай хэлхээ холбоотой нэгэн байсан гэдэг.
Урибегийн ээж нь сэтгүүлч Диана Турбай байсан юм. Тэрбээр 1991 онд Пабло Эскобарын картелын барьцаанд байхдаа аврах ажиллагааны үеэр алагджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!