Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулах талаар хэлэлцсэн байна.
Засгийн газрын гишүүдийн дунд санал хураалт явуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурал бол зөвхөн тухайн намын төлөөллийн төв байгууллагын шийдвэр юм. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Тиймээс огцрох эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн мэдээлэл өгөв.
Үндсэн хуульд зааснаар "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
|