УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газар огцрох эсэх асуудлаар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Де факто (бодит байдал) гэж үг бий. Де факто хамтарсан Засгийн газар огцорчихсон. Де юрэ буюу хууль зүйн хувьд баталгаажуулах процесс дутуу байна.
УИХ-д 42 суудалтай намыг энэ Засгийн газраас гаргана хэмээн МАН шийдвэрээ гаргачихсан. УИХ дээр хүссэн хүсээгүй Засгийн газар болон Ерөнхий сайдын асуудал яригдана.
МАН-ын ямар шийдвэр гаргасан эсэх нь УИХ дээр яригдах ёстой. МАН Ардчилсан Намыг гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд, манай намгүй Засгийн газраа байгуулна гэдэг шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрээ одоогоор УИХ дээр оруулж ирж чадахгүй байх шиг байна. Ямар үндэслэл, логиктой гэдгийг хэлж мэдэхгүй байна.
Хоёрдугаарт нам нь тийм шийдвэр гаргасан учраас Ерөнхий сайд саналаараа огцорно гэдэг яриа тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ дээр ямар нэгэн байдлаар Ерөнхий сайд оруулж ирэх байх.
Засгийн газар байгуулагдахад МАН биднийг урьсан. Тэдний нам бид нар энэ хамтралаасаа болъё гэж байна. Түүгээрээ болно биз. Бид бол ажил хийе гэвэл ажиллаж болно. Ажил хийхгүй гэвэл бид сөрөг хүчний байр суурь дээр хатуу зогсож чадна" гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.
- Ерөнхий сайдын хувьд өөрөө өргөдлөө өгөхгүй бол УИХ дээр Засгийн газрын асуудал яригдах байх. Хэрэв ийм тохиолдолд Ерөнхий сайд орж ирээд улс төрийн дэмжлэг хүсвэл АН ямар кноп дарах бол?
- Одоо боломжгүй. Хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байдаг гэх гэнэн төсөөлөл байхгүй. Ямар хэлбэрээр орж ирэхээс үл шалтгаалаад Ардчилсан Нам кноп дарна. Эсвэл намын бүлэг бүтнээрээ бидэнгүй асуудлаа шийд гээд гараад явна. Бидэнд ийм сонголт, зарчим байгаа.
Манай намыг цөөнхийнхөө хувьд сөрөг хүчин хий гэж эрх баригчид үзэж байгаа бол 42 гишүүн цул байх ёстой. Асуудлыг хоосон улс төржих бус жаахан ул суурьтай нийтийн ашиг сонирхлын төлөө дугардаг байх ёстой.
- Хамтарсан Засгийн газрын тэргүүн ингэж удаад байгаа асуудлыг хэрхэн харж байна вэ?
- УИХ Засгийн газар байгуулаад, үйл ажиллагааны хөтөлбөрийг дөрвөн жилээр батлаад, ажлаа хийж байгаа эсэхийг хянадаг ганц эрх мэдэлтэй байгууллага нь. Нам түүгээрээ юу шийдэх нь тэдний асуудал. Тэд төрөө самарч байгаа бол санаа нь ямар байгаа вэ гэдэг тэдний асуудал.
Хамтарсан Засгийн газар үргэлжилнэ гэдэг ямар нэгэн зүйл яригдвал манай найман сайд эрх мэдэлд үлдэхгүй. Өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явчихна гэж ярьсан. Хэрэв Ерөнхий сайд ямар нэгэн асуудал оруулж ирэхгүй бол хүлээгдээд буй 32 гарын үсгийг бид бүрдүүлж чадна гэдгээ хэлсэн.
- Ерөнхий сайд огцорвол ажил гацна гэх пи-ар явж байна. Хүнээс хамаарсан тогтолцоо бий болчихсон бол засаглалын хямрал уу?
- Ер нь хүнээс хамааралгүй тогтолцоо бий болгож чадаагүй байгаа. Хэрэв бий болсон гэж бодож байгаа бол үнэн гэнэн байна. Нэг бус удаа хэлж байна, Монгол гурван даргын улс болсон. Тэр гурван даргын өглөө ямар ааштай босож ирэх, орой хэний ховыг сонсох гэдгээс шалтгаалж Монгол Улсын хувь заяа савлаж байгаа.
Ийм эмгэнэлтэй хувь тавилантай байж болохгүй. Хүнээс хамааралгүй институт бий болгохын тулд ядаж УИХ нь УИХ шиг байх ёстой. Ямар сайндаа л УИХ-ын танхим дотроос Ерөнхий сайдын суудлыг буулгая гэдэг санаачилга гарах вэ дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
|