2025 онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаас есөн байршилд засварын ажил эхлээд буй. Тухайлбал Төв шуудан орчмын явган хүний замыг байгалийн чулуун хавтантай болгож байгаа юм байна.
Энэ тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Явган хүний замыг байгалийн чулуун болгох төлөвлөлт 2024 онд хийгдэж, тендерийг зарлаж эхэлсэн юм.
Есөн багц тендерт гүйцэтгэгч шалгарсан бол зургаан тендерт гүйцэтгэгч шалгараагүй байна. Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажлыг гүйцэтгэх тендер 1-6 удаа зарлагдсан тохиолдол бий.
Ажил нь эхэлсэн есөн байршлын явган хүний замыг тохижуулах ажлыг арваннэгдүгээр сарын 25-нд байнгын ашиглалтад хүлээлгэж өгнө" гэж мэдээллээ.
НХОГ-ийн Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг "Төв шуудан орчимд буюу Сүхбаатарын талбайн хоёр талд 5,012 м.кв явган хүний замыг тохижуулах юм. Нийслэлийн зураг, төслийн хүрээлэнгээс боловсруулсан ажлын зургийн дагуу тохижилтыг гүйцэтгэж байна" гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Сүхбаатарын талбай гэсэн гол гудамжны явган хүний зам талбайг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Талбай дээгүүр явахад янз, янзын хэлбэртэй хавтангаар явган хүний зам хийснээс догол гарсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс нэг стандарттай болгох юм.
Сүхбаатарын талбай орчмын явган хүний замыг өргөтгөх үеэр гэрэлтүүлгийн шон дээр байгаа кабелиудыг газар доогуур хийх тул ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй.
Харин туслах гудамж, талбайн явган хүний замыг нөхөн сэргээхдээ асфальт бетоноор хучиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэглэгээг хийж байгаа. Тухайлбал Лааганы гудамж, Шархадны эцэс, Денверийн гудамж, Нийслэл хүрээний гудамж, Жанжин клуб зэрэг байршлын явган хүний замыг асфальт бетоноор хучиж, скүүтэр, унадаг дугуй, тэрэг, тэргэнцэртэй иргэд зорчиход төвөггүй болгосон.
Хот тосгоны барилгажилтын норм ба шинэчилсэн дүрэмд зааснаар явган хүний замын өргөн хамгийн багадаа хоёр метр байх ёстой" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!