Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөө дагуух 22 автобусны буудлыг хажуугийн зогсоолгүй болгоод байгаа.
Уг талбайнуудад барзгар чулуун хавтанг суурилуулж эхэлжээ. Тухайлбал Ленин клубийн урд талын автобусны буудлын карман зогсоолын нөхөн сэргээлтийг гүйцэтгэж байгааг НЗХГ-ын дарга Б.Одбаяр хэллээ.
Автобусны буудлын карман зогсоолыг яагаад хаасан тухайд "Иргэд зам руу буухгүйгээр нийтийн тээврийн автобусанд суух, аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилготой.
Энхтайвны өргөн чөлөөний явган хүний замыг нэг стандарттай болгон халтирдаггүй, барзгар чулуун хавтангаар сольж байгаа юм" гэж тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар 25 дугаар эмийн сан, Ленин клубийн урд талын автобусны буудлын карман зогсоолгүй болгосон хэсэг буюу явган хүний замын нөхөн сэргээлт хийж байгаа аж.
Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсөвт тусгаж баталжээ.
Харин төв зам дагуух автомашины карман зогсоолуудын асфальт бетоныг хуулах ажлыг "Улаанбаатар АЗЗА" компани гүйцэтгэх бол тус талбайд мод тарьж ногоон байгууламж болгох ажлыг хотын Захирагчийн ажлын албаны төсвөөр хийнэ гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|