"Guys" хамтлаг өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, зургаадугаар сард бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Одоогоор тоглолтын тов, байршил эцэслэгдээгүй байгаа аж.
Түүнчлэн тэд Эр хүн хэмээх шинэ уран бүтээлийнхээ клипийг хийхээр санааны уралдааныг зарлаж байгаа аж.
"Guys" хамтлагийн ахлагч Д.Лхагва "Зургаадугаар сард "Goodluck" нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөж байна. 2017 онд "Зүрх уучил" тоглолтоо хийснээс хойш томоохон хэмжээний тоглолт хийгээгүй байна. 2024 оны сүүлээр бид Европын Холбооны улсууд болон Австралид аялан тоглолтоо хийлээ. Ингэхэд хамтлагийн маань сонсогчид биднийг том хэмжээний тоглолт хийхийг хүсэж байгаа нь анзаарагдсан. Иймээс тоглолт хийхээр төлөвлөж, бэлтгэлдээ ороод байна.
Хоёрдугаарт Эр хүн хэмээх дууг бүтээлээ. Уг дуугаа дүрсжүүлэх санааны уралдааныг зарлаж байна. Манай клипүүдийг богино хэмжээний кино шиг байдаг гэж хүмүүс ярьдаг. Иймээс ч Бороо, Манан, Цас зэрэг клип шигээ зохиолтой клип хийхээр зорьж байгаа юм. Өмнө нь өөрсдөө санаа, зохиолоо гаргадаг байсан бол энэ удаад өөр өнцгөөс хараад үзье гээд сонсогчдынхоо санаагаар клипээ бүтээхээр тогтсон.
Энэ бол зохиолын биш санааны уралдаан гэдгийг дахин онцолъё. Уралдаанд хэн ч орох боломжтой бөгөөд эр хүн гэдгийг би ингэж боддог гээд хоёр өгүүлбэрт багтаагаад явуулж болох юм шүү. Шагналын сан нь 10,000,000 төгрөг.
Гуравдугаарт бид Америк, Канадад ирэх сард аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн" хэмээв.
"Guys" хамтлагийн Фэйсбүүк дэх албан ёсны хуудсаар та бүхэн санаагаа илгээх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!