2024, 2025 онд нийслэлийн суурьшлын нягтрал ихтэй бүсүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдтэй зөвшилцөж авсан газрууд сургууль, цэцэрлэг барих юм байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг "Нийслэлийн хэмжээнд 12 байршилд ААН-үүдтэй зөвшилцөж сургууль, цэцэрлэг барих газрыг шийдвэрлэсэн. Эдгээрээс дөрвөн байршилд сургууль, цэцэрлэг барих санхүүжилтийг улс, нийслэлийн төсөвт тусгасан бол дөрвөн байршилд иргэн, ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр барих санал гаргасан. Харин гурван байршилд хэрхэн барих нь тодорхойгүй байна.
Тухайлбал Баганат-Өргөө компанитай зөвшилцөж 9126м.кв газар дээр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль баригдаж байна. Энэ жил санхүүжих төсөв нь 6.7 тэрбум төгрөг. Ирэх онд ашиглалтад оруулна.
Баянгол дүүргийн 25, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг цэцэрлэг, нэг сургуулийн байршил байгаа. Цэцэрлэгийг барихад зориулж дүүргийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг тусгагдсан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эко констрашн компанийн газраас 5,000м.кв газар авсан. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхэлж байгаа.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд дахин төлөвлөлттэй газарт 200 ортой цэцэрлэг барих газрыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн. Ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж байна.
ААН-үүд өөрсдөө сургууль, цэцэрлэгийн барилгыг барих хүсэлт гаргасан байршлуудыг дурдвал
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарт, 97 дугаар сургуулийн хажууд хүүхдийн цэцэрлэгийн барилгыг "Мон топ" ХХК
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Сүмбэр хотхоны зүүн талд 920 хүүхдийн сургуулийн барилгыг "БНЧ" ХХК
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайнь Вилла хотхоны баруун талд сургуулийн барилгыг "Сентурилэнд марк" ХХК
Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхонд сургуулийн барилгыг "Грийт голд" ХХК
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд цэцэрлэгийн барилгыг иргэн Б.Түшиг
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын Академийн зүүн талд сургууль, цэцэрлэгийг барихаар "Номинреалтор" ХХК хүсэлт гаргасан байна" гэж танилцууллаа.
Өнгөрсөн сард Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!