Уншиж байна ...

"Угаарын хийн хордлогыг яривал зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж цэрэг, цагдаа болон төрийн албан тушаалтнууд намайг сүрдүүлсэн"

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Байнгын хорооны гишүүд болон шинжээчид өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүн болон хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцууллаа.

Өнөөдрийн сонсголд зургаан төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий нийт 49 хүн оролцож өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлснийг түүвэрлэн хүргэж байна.

Иргэн Ц.Амарзаяа: Өнөөдрийн сонсголд бодлого, шийдвэрийн талаар нарийн зүйлийг ярих гэж ирээгүй. Би ар гэрийнхээ хоёр гишүүнийг угаарын хийн хордлогод алдсан. Үхэж буй хүмүүсийн тоо хэд хүрэхээр бодлого шийдвэрээ өөрчлөх гэж байгаа вэ. Үхэж буй хүмүүс норм дүрмийн дагуу үхсэн гэж ойлгож болох уу. Иймэрхүү асуултыг асуух нь зөв эсэхийг мэдэхгүй байгаа ч өөр газраас асуухад хариулт олж авч чадаагүй. 

Таван жилийн өмнө манай дүү нас барахад ээж маань амьдрах таван хувийн магадлалтай амьд үлдсэн. Таван жил хэвтэрт байж байгаад саяхан нас барсан боловч өвчний улмаас гэж бүртгэсэн. 

Угаарын хийн хордлогоор таван жил ухаангүй хэвтээд нас барсан хүнийг өвчний улмаас гэж бүртгэх нь зөв үү. Сайжруулсан шахмал түлш зөв шийдвэр үү. Тухайн үед намайг иймэрхүү зүйл яривал зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан цэрэг цагдаагийн болон төрийн албан тушаалтнууд зөв ярьсан уу. 

Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг: Шинжээчийн дүгнэлт танилцуулж буй Сувдаа доктор хариуцлагагүй байна. 2009-2025 он хүртэл 163 хүн угаарын хийн хордлогод нас барсан гэж ярилаа. Би өнгөрсөн жил шүүхийн шинжилгээний статистикийн бүх дүн шинжилгээг судалсан.

2017-2025 он хүртэл Монгол Улсад угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан байна. 2017 онд 74 хүн нас барсан. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн буюу 2018 оноос хойш 720 хүн нас барсан байна. 

Гэтэл өнөөдөр улс үндэстний өмнө 163 хүн нас барсан гэж хэлүүлж байхаасаа та бүхэн ичээрэй. Дээрх тоо буруу гэдгийг Ж.Чинбүрэн эмч мэдэж байгаа. Би хэлсэн тооныхоо өмнө хариуцлага хүлээнэ. Учир нь би тэр тоог эмнэлэг болон хуулийн бичиг баримтыг судалж олж авсан. 

Угаарын хийн хордлогоор нас барсан 720 хүний өмнө төр хариуцлага хүлээх ёстой. Төр нь шахмал түлш үйлдвэрлэсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1146897903550301