Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам энэ сарын 7-ноос 14-ныг дуустал БНХАУ-ын Харбин хотноо болно. Уг наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-нд боллоо.
Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч Б. Жавхлан, ССАЖЗЯ-ны сайд Ч. Номин, БТСУХ-ны дарга О. Баттулга тэргүүтэй албаны төлөөлөл, шигшээ баг тамирчид оролцов.
29 жилийн дараа хоёр дахь удаагаа Азийн өвлийн наадмыг хүлээн авч буй Харбин хотноо энэ сарын 7-ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.
Өвлийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зэрэг зургаан спортын 11 төрөлд 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1,275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!