УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад нэгдүгээр сарын 30-нд хүргүүлсэн билээ.
Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулав.
Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувийн саналаар дэмжлээ.
Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Улмаар тогтоолын төсөл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болов. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!