Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярцэцэг: Хэсэг хүн дур мэдэн чөлөөлсөн талбай дээр ТҮЦ дахин байршуулаад байгаа. Эдгээрийг ачна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайд дээр байгаа ТҮЦ-үүдийг өнгөрсөн сард нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж эхэлсэн. 

Гэвч шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дахин байршуулсан тохиолдол өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн автобусны буудлын урд талд зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулжээ.

Энэ тухай НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Г.Баярцэцэгээс тодруулахад "Хэсэг хүн дур мэдэн чөлөөлсөн талбай дээр ТҮЦ байршуулаад байгаа. Эдгээрийг ачна. Чөлөөлсөн талбайд дахиж нэг ч ТҮЦ байршуулахгүй" гэв.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1,700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаас нэг сар гаруйн хугацаанд 1,300-г нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ. Үлдсэн 400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг үе шаттай хийх юм гэдгийг тэрбээр хэллээ.

ТҮЦ ажиллуулж байсан иргэдэд нийслэлийн зүгээс ажлын байр санал болгож байгаа ч тэд эсэргүүцэж буй.