• 6 сарын 15, Ням

Путинтэй хоёр цаг ярилцсаныхаа дараа Трамп дайтагч талууд "нэн даруй" яриа хэлэлцээ эхлүүлэхээр болсныг зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цагийн турш утсаар ярьсныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох, гал зогсоох яриа хэлэлцээ Орос, Украины талуудын хооронд “нэн даруй” эхлэхээр болсныг зарлажээ.

Яриа “маш сайн болсон” ч гал зогсоох нөхцөлийг дайтагч талууд зөвшилцөх шаардлагатайг тэр тайлбарласан байна.

Гэхдээ АНУ болон Европын орнуудын санаачилсан нэн даруй 30 хоног гал зогсоох уриалгыг Путин хүлээж аваагүй бололтой. Оронд нь тэр “ирээдүйд энхийн гэрээ байгуулах боломжтойг баталсан санамж бичиг” байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Трамп өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьж,  Путинтэй ярьсан зүйлсийнхээ талаар мэдээлсэн байна.

“Орос, Украины талууд гал зогсоох, хамгийн чухал нь дайныг дуусгах яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр боллоо. Үүний нөхцөлийг хоёр тал тохиролцох болно. Учир нь тэднээс өөр хэн ч үүнийг илүү сайн мэдэхгүй” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. Эндээс АНУ зуучлах үүргээсээ татгалзаж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан юм.

Трамптай ярьсныхаа дараа Зеленский “АНУ яриа хэлэлцээ, энх тайван тогтоох хүчин чармайлтаас хөндийрөхгүй байх нь бидний хувьд маш чухал. Ингэх нь зөвхөн Путинд ашигтай байх болно” гэж мэдэгдсэн байна.

Сүүлд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленскийн санаа зовж буй асуудлаар Трамп байр сууриа илэрхийлжээ.

Тухайлбал АНУ нь Орос, Украины хоорондын яриа хэлэлцээг зуучлах үүргээсээ татгалзахгүй, гэхдээ тэднийг шахахаа хэзээ болих хязгаар буюу “улаан шугам” гэж байгааг тэр хэлсэн байна.

Трамптай утсаар ярьсныхаа дараа Путин “Бид ирээдүйд энхийн гэрээ байгуулах боломжтойг баталсан санамж бичгийг Украины талтай байгуулах санал дээр хамтран ажиллахаар АНУ-ын ерөнхийлөгчтэй тохиролцлоо” гэж мэдэгджээ.

Уг санамж бичигт “зөвшилцөх нөхцөлүүд, энхийн гэрээ байгуулах хугацаа зэрэг хэд хэдэн асуудал” тусгагдаж болохыг тэр хэлсэн байна. Ийм санамж бичиг байгуулсан тохиолдол тодорхой хугацаагаар гал зогсоох боломжтой гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Хэдийгээр Трамп аль болох хурдан гал зогсоохыг хүсэж байсан ч энэ талаар ямар нэг хугацаа тохиролцоогүй” гэж хэлжээ.

Путинтэй утсаар ярьсныхаа дараа Трампыг Зеленскийтэй ярихад Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен болон Франц, Итали, Герман, Финландын удирдагчид нар оролцсон юм байна.

 

Эх сурвалж: BBC