Орос, Беларусийн чиглэлд тээвэрлэгдэж байсан Boeing нисэх онгоцны таван тонн дугуйг Европын хориг арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр замаас нь хурааж авснаа Польшийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.
Украины дайн эхэлсний дараа Өрнөдийн орнууд Орос болон түүний холбоотон Беларусийн эсрэг эдийн засгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээнүүд авсан юм.
Үүний улмаас тэдгээр улсуудын агаарын тээврийн салбар Өрнөдийн үйлдвэрлэгчдийн техник, сэлбэг хэрэгслийн хомсдолд ороод байгаа.
“Корощин хотод ачааны автомашинд үзлэг хийх явцад жолоочийн мэдүүлсэн автобус, автомашины дугуйн оронд Boeing нисэх онгоцны хуучин дугуйнууд тээвэрлэж байсныг илрүүллээ. Барааг илгээгч нь Испанийн компани, хүлээн авагч нь Азербайжан улсын иргэн байсан. Гаалийг хууран мэхэлсэн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Хоригт хамаарах барааг хурааж авсан” гэж Польшийн үндэсний татварын алба мэдээлжээ.
2022 онд Украины дайн эхэлсний дараахан Boeing компани Оросын агаарын тээврийн компаниудад эд анги нийлүүлэх, техникийн тусламж үйлчилгээ үзүүлэхээ зогсоож, Москва дахь үйл ажиллагаагаа хааж байв.
Үүний дараа Оросын компаниуд нисэх онгоцны сэлбэг, эд ангиа Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдээгүй гуравдагч улс орнуудаар дамжуулан авах болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
80 СЭТГЭГДЭЛТЭЙ
|