Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Спортын хоол зүйч Т.Сайнцэцэг: Манайхан ерөөсөө шинжлэх ухаанч биш

ikon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулж байгаа бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар таван асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Энэ удаагийн зочноор Ваиёо охидын их сургуулийн төгсөгч, 2008 оны олимпод оролцож байсан мэргэжлийн тамирчин, спортын хоол зүйч Т.Сайнцэцэг оролцож байна.

1.Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

-Японд төгсөөд хамгийн эхэнд гэр бүлийнхэн дээрээ очих юмсан гэсэн мэдрэмж маш их байсан. Намайг сургуулиа төгсөхийн өмнө гуравдугаар курст орж байхад аав маань өвчний улмаас бурхан болсон. Тэр үед ээжтэйгээ ч удаан байж чадалгүй, 49 хоногийг нь гүйцээлгүйгээр шууд явчихсан. Ээжийгээ ганцааранг нь үлдээчихсэн болохоор сэтгэлд маш хэцүү байсан болохоор бушуухан шиг төгсөөд ээждээ хань болох юмсан гэсэн бодол маш их байсан. 

Монголд ирээд маш гоё мэдрэмж төрсөн. Цэлгэр тал, зайтай сайхан байсан. Жижигхэн зайтай газар амьдардаг байсан болохоор гэр дотроо гүйгээд явмаар санагдаж байсан. 

2.Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим юу байв?

-Японд суралцах явцдаа маш их суралцахаас гадна өөртөө суулгахыг хүссэн зарчим ч бас их байсан. Япончууд бол ёс зүй маш их баримталдаг, цаг баримталдаг, багаар ажиллаж чаддаг хүмүүс гээд тоочоод баршгүй. Миний хувьд бол “Ёс зүйтэй байх”, “Төлөвлөгөөтэй байх”, “Цаг баримтлах” гэсэн эдгээр зарчмуудыг зайлшгүй биелүүлье гэж боддог. 

Гэвч Монголд төлөвлөөд яг төлөвлөгөөний дагуу ажиллах гэтэл байнгын гал унтраах маягтай гэнэтийн ажлууд маш их болохоор үндсэн суурь төлөвлөсөн зүйлээ хийж чаддаггүй. Гэнэтийн ажлуудаа хийгээд явж байтал цаг хугацаа өнгөрчихсөн байдаг. Анх төлөвлөж байсан ажил маань биелж чадаагүй үед бага зэрэг бухимддаг. 

3.Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

-Хамгийн том бэрхшээл гэвэл түрүүн хэлсэнчлэн миний баримталдаг зарчмуудтай шууд холбогдоно.

Нэгдүгээрт, цаг баримталдаггүй. Би ч гэсэн цагаа төлөвлөөд цагтаа ирчихсэн байхад хоцроод ирэхээр миний дараагийн ажлууд бас хойшлогдоод явчихдаг. Цагаа баримтлахгүй болохоор бухимддаг. Тиймэрхүү асуудлууд одоог хүртэл байсаар л байна. Гэхдээ би өөрийн хувийн зүгээс цагаа баримталъя гэж боддог. Мөн эргэн тойрныхныгоо ч бас тийм байлгахыг хичээдэг.

Ажлын байран дээр гэвэл “Амбийц”. Жишээлбэл, Японд нэг хүн ирээд юм асуухад туслахыг хичээдэг. Монголд ч бас тийм хандлага байдаг л даа. Гэхдээ жишээлбэл би миний мэдэхгүй, хүч тарамдсан зүйл дээр асуухаар “Энэ мэдлэггүй юм байна”, “Энэ Японд сурч ирчхээд юу ч мэддэггүй юм байна” гэдэг өнцгөөс нь илүү хараад байгаа юм шиг надад санагдсан. Би мэдэхгүй байж болно шүү дээ. Би бүгдийг мэдэх албагүй. Гэхдээ би тэндээс суралцаад явна. Гэтэл шууд тийм дүгнэлтэд хүрээд байгаа нь таалагддаггүй. Багаараа ажиллаж байх үед шууд амбийцлаад явчихдаг нь ёс зүйн талаасаа “Тэр чинь угаасаа надаас тийм юм асууж байсан. Юу ч мэддэггүй юм байна лээ шүү дээ” гэдэг яриа маш их яригддаг. Бид ч юм уу, эсвэл миний хувийн онцлогоос болоод ч юм уу тэнд нэг жаахан үл ойлголцол эсвэл мэтгэлцээн үүсэхэд “За яахав, энэ дээр би нэг удаа чимээгүй өнгөрье” гээд өнгөрдөг. Заавал би хэн нэгэнд батлах гээд илүү харагдах албагүй шүү дээ. Тэгээд чимээгүй байхаар “Энэ угаасаа юм ярьдаггүй” гэдэг тийм өнцгөөс хараад байдаг юм шиг санагддаг. 

4.Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?

-Яг өөрийн мэргэжил талаасаа тулгарч байгаа болон нийгэмд нийтлэг ажиглагдаж байгаа зүйл юу вэ гэхээр хүмүүс болсон болоогүй мэдээллүүдэд шууд итгэдэг. Түүндээ шуурдаг.

Би бол хоол зүйч хүн. Жишээлбэл, тухайн хүн өөрт нь тохирох эсэхийг мэдэхгүйгээр “Энэ хоолны дэглэм маш сайн гэнэ ээ” гэсэн болгоныг хэрэглээд явчихдаг. Кэто дэглэм гээд байдаг. Бөөрний үрэвсэлтэй, бөөрний өвчлөлтэй байснаа мэдэхгүй, эсвэл чихрийн шижинтэй ч юм уу, архаг хууч өвчинтэй гэдгээ мэдэхгүй, эсвэл мэдсээр байж тэр дэглэмийг барих нь тэр хүний эрүүл мэнд, цаашилбал амь насанд нь эрсдэлтэй. Тэрийгээ сайн судлаагүйгээр, дээрээс нь шинжлэх ухаанч хүмүүст итгэдэггүй байдал нь хэцүү юм шиг санагддаг.

Хоёрдугаарт, ерөөсөө шинжлэх ухаанч биш. Хэн сайн гэж байна, тэрийг л хэрэглэдэг. Яагаад сайн бэ, ямар хүмүүст нөлөөлдөг, нөлөөлдөггүй вэ гэдгээ ерөөсөө судалдаггүй. Сайн л гэж байвал хэрэглэж байдаг. Тамирчид дээр нэг түгээмэл асуудал бол ерөөсөө л нэмэлт тэжээл буюу уураг. Энэ уургийг уувал хүчтэй болно гэдэг. Гэвч тэр нь зөв цагтаа, зөв хэмжээгээр уухгүйгээс болоод янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Тэрийгээ тоохгүй явдаг. Тийм тохиолдол маш олон байгаа. Одоо ч гэсэн байсаар л байна.

Тийм учраас бид зүгээр нэг зааж зөвлөхөөс илүүтэй, номыг нь сонссон, сүүлийн үеийн судалгаа шинжилгээг уншаад, орчин чиг хандлагаас гадна тухайн бодист, тухайн хоолны дэглэмийг баримтлахад хүний бодисын солилцоонд яаж нөлөөлөөд ямар үйл явц өрнөөд тэр хүнд үр дүн өгөөд байна вэ зэргийг судалж, зөвлөдөг. Уургийг яг хэзээ уух, ямар үед хэрэглэх юм бол болох уу? Эсвэл таны өвчин болон өөрийн биеийн онцлогт тохирох эсэх чухал. Бэлтгэлийн ачаалал маш өндөр байгаа бол яалт ч үгүй нэмэлт тэжээл авна. Гэхдээ аль үед хоолоороо явах, аль үед нэмэлт тэжээл авахыг мэдэхгүйгээр хүмүүс сайн гээд л хэрэглээд байдаг. Гэтэл ингэж явах нь хүссэн үр дүнд хүргэхгүй, харин эрүүл мэндэд нөлөөлчхөөд байдаг.

Тиймээс Фэйсбүүк дээр янз бүрийн дэглэм, мөн тэр хүн ингэж хэлсэн байна гэж дагах биш, мэргэжлийн хүнд хандахыг зөвлөмөөр байдаг. Хүмүүс өгссөн сургууль, янз бүрийн мэдээллээ фэйсбүүк дээр бичдэг болчихлоо. Веб сайтууд эх сурвалжуудаа бичдэг болсон. Мэдээллээ хүмүүс жаахан л нягталчих хэрэгтэй. Эх сурвалж нь тодорхойгүй байлаа гэхэд зүгээр нэг нийтлэлийг орчуулаад тавьчихсан байж болно, хувь хүний үзэл бодол байж болно. Мэргэжлийн хүн бичиж байгаа бол хоол зүйч, эсвэл эмч гэх мэт хүмүүс бичиж байгаа бол тэр ядаж л шинжлэх ухааны суурьтай хүн юм хэлж байна гэсэн үг. 

Дахиад нэг асуудалтай байгаа зүйл нь хүн мэдэхгүй байж болно. Би мэргэжлийн хүн ч гэсэн мэдэхгүй байж болно. Гэхдээ би судлаад эргээд хариу хэлье гэхээр “Өө энэ мэдлэггүй юм байна” гээд бас шууд дүгнэчихдэг. Үйлчлүүлэгч нарт ер нь тиймэрхүү хандлага байдаг. Бүх зүйлийг би мэдэх албагүй. Гэхдээ би уншиж судлаад мэдэж болно. Тэгэхээр чи ч, би ч, бид бүгдээрээ байнгын суралцаад л хөгжөөд л явж байгаа.

5.Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

-Тийм даруухан биш, эрэмгий зоригтойгоор урагшаа гарах хэрэгтэй юм шиг үе үе санагддаг. Энд тэнд байгаа Японд төгссөн мундаг хүмүүсийг мэднэ. Тэр хүмүүс маань дор бүрнээ өөр өөрсдийнхөө ажлыг л сайн хийгээд явж байгаа. Яг нийтэд танигдсан нь харьцангуй цөөхөн. Гэхдээ хэт ил гараад ирэхээр үндсэн ажил маань хоцрогдох гээд байдаг талтай. Гэхдээ зөвхөн өөрийнхөө ажлыг хийгээд яваад байх нь зөв ч бусад хүн тэрийг нь  мэдэхгүйгээс болж тэр хүнийг мэдэх цар хүрээ нь бага болж байдаг. Тэгэхээр үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг ил гарах шаардлагатай.

Нөгөөтэйгүүр нэгэнт л бид Японд төгссөн юм чинь харилцан бие биетэйгээ танилцаад цар хүрээгээ тэлээд, бие биенээ дэмжээд явах юм бол илүү л хурдан тархах болов уу, танигдах болов уу гэж бодож байна. 

Ярилцсан: Ц.Тамир, Японд төгсөгч, ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Медиа аналист

ВИДЕО: