Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэнгис: Японд суралцах мэдээллээ найдвартай, албан ёсны эх сурвалжаас авдаг байх хэрэгтэй

ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
зураг
 

-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулж байгаа бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар таван асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Энэ удаагийн зочноор Монгол-Японы төвийн ерөнхий удирдлагын тасгийн дарга Эрдэнэбатын Тэнгис оролцож байна.

1.Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

Миний хувьд анх Японд олон жил сурч ажиллая гэсэн зорилго тавьж очоогүй. Тодорхой хэмжээнд Япон хэл сураад, өөрийгөө хувь хүн талаас төлөвшүүлснийхээ дараа Монголдоо ирье гэдэг зорилго тавиад явж байсан. Монголдоо анх ирсэн сэтгэгдэл бол мэдээж маш сайхан байсан. Сурсан мэдсэнээ ашиглаад Монголдоо ажиллана даа гэсэн бодолтой ирсэн. 

Анхны бодлын тухайд ярья. Би Японд 7.5 жил амьдрахдаа зургаан жил орчим супермаркетад ажилласан. Анх маш хэцүү байсан. “Ожиги” буюу бөхийх ёсыг нь ч хийж чаддаггүй, би яахаараа монгол хүн байж бөхөлзөх ёстой юм гэх мэт сөрөг боловч одоо бодоход инээдтэй бодлууд орж ирдэг байсан. Анх огт чаддаггүй байсан ч хагас жил супермаркетад ажиллаж байж арай хийж бөхийж сурсан. Яг зургаан жил ажилласны эцэст Япон улсын үйлчилгээний соёлыг маш сайн сурсан гэж боддог. Супермаркетын үйлчилгээ, соёл, үйлчлүүлэгчтэй яаж харилцах гэх мэт зүйлсийг маш сайн сурсан.

Монголдоо ирээд супермаркет ороход тэс өөр зүйл угтсан. Хайж байгаагаа бараагаа асуухад утсаа оролдсон чигтээ заадаг ч юм уу. Тэр нь надад маш эвгүй санагдаж байв. Ер нь үйлчилгээний соёл тал дээр сайжруулах шаардлага байна даа гэж бодогдож байсан. Гэхдээ сүүлийн үеийн сүлжээ дэлгүүрүүдийг дагаад үйлчилгээний соёл ч гэсэн сайжирч байгаа санагддаг. Нэг талаасаа эдгээр байгууллагуудаар дамжуулж соёлын үрийг тарьж байгаа юм уу даа гэж хардаг.

2.Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим юу байв?

Японд суралцаад би бусдад төвөг удахгүй байх зарчмыг өөртөө маш сайн суулгасан гэж боддог. Энэ нь мэдээж эерэг болон сөрөг талтай гэдгийг өөр дээрээ мэдэрдэг. Яагаад гэвэл бусдад төвөг удахгүй гэдэг утгаараа хүрээлэл маань маш жижигхэн болчихсон байдаг. Найз нөхөд рүүгээ утасдах үед “За ажилтай байгаа байлгүй, саад болоод яах вэ” гэж бодоод болих жишээтэй. Тэрнээсээ болоод хүрээлэл жоохон хумигдсан болов уу. Бага зэрэг ганцаардмал болж эхэлсэн байх. Эсрэгээрээ манайхан дунд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн хандлага бага зэрэг ажиглагддаг. Жишээ нь, түгжрэл ямар байгаа билээ. Ийм түгжрэлтэй үед бүгдээрээ эгнээ байраа зөв эзлээд, бусдыгаа хүндэлж, зам тавьж өгөөд явахад тодорхой хэмжээгээр түгжрэл буурна гэж боддог. 

Өөр жишээл гэвэл, тамхи татах тухай бодоход “Тамхи битгий тат” гэж хүмүүст хэлж бол болохгүй шүү дээ. Хүний өөрийн эрхийн асуудал. Харин тамхи татдаггүй бусад хүмүүсээсээ зай бариад татчихад л болно. Хүүхдүүдийн хажууд тамхи татах ч бас буруу гэж боддог. Хортой утаанаас гадна томчууд биднийг хараад байнга үлгэр дуурайлал авч байдаг болохоор хэчнээн танихгүй хүүхэд байсан ч тэр хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлж болохгүй гэж боддог.

Бас өөр нэг зарчим бол “За бол за, үгүй бол үгүй”. Хариугаа түс тас өгчихсөн нь илүү амар гэж боддог. Ялангуяа япон хүмүүсийн бас нэг сөрөг тал нь яг энэ гэж би боддог юм. Шууд хариултаа хэлэхгүй тойруулчихдаг. Миний хувьд чадвал чадна, чадахгүй бол чадахгүйгээ шууд хэлчихдэг. Нөгөө хүндээ ч хүлээлт үүсгэхгүй, өөртөө ч амар. 

зураг
 

3.Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

Миний хувьд бэрхшээл гэхээсээ илүү би азтай байсан. Монголд ирээд шууд Монгол-Японы төвд ажилласан. Монгол-Японы төвийн маань ажилчдын бараг 90-с дээш хувь нь бүгдээрээ надтай адилхан Японд сурч төгсөөд ажиллаж байсан хүмүүс байдаг. Миний хувьд хамт ажиллахад ерөөсөө хүндрэл бэрхшээл гараагүй. 

Манай Монгол-Японы төвийг маань анх 2002 онд ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар анх баригдаж байсан. 2002 оноос 10 жилийн хугацаанд буюу 2012 он хүртэл ЖАЙКА-гийн төсөл хэлбэрээр анх үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд 2012 оноос хойш МУИС-ийн харьяа байгууллага болсон. Яг одоогоор үндсэн үйл ажиллагаа болох Бизнесийн сургалт, Япон хэлний сургалт, номын сан, хамтын ажиллагаа гэх мэт үйл ажиллагаагаар орлогоо олоод явдаг. 

4.Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

Миний хувьд Японд төгсөөд ирсэн хүмүүс Японтойгоо холбоотой, япон хэлээ мартахгүй тийм ажил хийвэл илүү давуу талтай байх гэж боддог. Яагаад гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж тэнд очиж дор хаяж 2-3 жил сурч, ажиллаж, амьдарсан хүмүүс маань эргэж ирээд Японтойгоо холбоотой ажил хийвэл ядаж л тэр цаг хугацаа маань үр дүнгүй болохгүй гэсэн үг шүү дээ. 

Тиймээс энэ боломжийг төгсөөд ирчихсэн сэмпай (ах, эгч нар) болох бид шинээр төгсөөд ирж байгаа коохай (дүү) нартаа гаргаж өгөх хэрэгтэй. Одоо Монголд япон компаниуд маш цөөхөн байгаа. Байгаа компаниуд нь ч гэсэн ер нь жижигхэн, хүний нөөцийн урсгал багатай. Тэгэхээр түрүүлээд ирсэн бид энэ асуудал дээр гарц гаргалгаа гаргаж, япон компаниудыг яаж олох вэ? яаж ажилд ороход нь зуучлах вэ гэх мэт ер нь  ажилд ороход нь туслах үүрэг хариуцлагатай гэж боддог. 

5.Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?

Миний хувьд шууд ноу-хау гэж ярихаасаа илүүтэй яг одоо дутагдаж байгаа гэж бодогддог зүйлээ хэлье. Ер нь төр засаг шинжлэх ухаанаа илүү дэмжээсэй гэж миний хувьд хүсдэг. Япон улс техник технологи ямар сайн хөгжсөн билээ. Тэрнээс нь эш татаад. Би Японд нэг нэвтрүүлэг үзэж байсан юм. Жижигхэн бага оврын цахилгаан станц. Хүний өтгөнийг боловсруулаад метан хий гаргаж авдаг, түүнийгээ цахилгааны эх үүсвэр болгодог. Ойролцоогоор 2,000 өрхийг цахилгаанаар нь хангах чадалтай. Жишээ нь иймэрхүү шинэ технологийг судалж үзээд, Монголдоо оруулж ирвэл зүгээр санагддаг.

Японд сурахаар явах гэж байгаа, суралцахыг хүсэж буй залуучуудад хандаж юу хэлэх вэ?

Нэгдүгээрт, зорилгоо маш сайн тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Ер нь зөвхөн Япон гэлтгүй гадаад оронд очоод хаана ч хамаагүй сургуульд ороод, хаана ч хамаагүй ажилд орох биш, яг ямар сургуульд, ямар мэргэжлээр юу сурах вэ гэдгээ бодоод, шийдээд явах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, зөв, найдвартай мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Зарим сургуулиуд оюутан татахын тулд өндөр хувиар хөнгөлж байгаа гэх мэт мэдээлэл явуулдаг. Гэхдээ энэ нь яг нийт дүнгээрээ хэдэн хувь, хэр хэмжээний хөнгөлөлт вэ, амьдрал ахуйд яг юу хэрэг болох вэ бүгдийг нь тооцож үзэх хэрэгтэй. 

Энэ тал дээр нэг зүйл хэлэхэд аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол-Японы төв дээр Японд суралцах тухай мэдээллийн яармаг болох гэж байгаа. Японы Элчин сайдын яам, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг болон Японы улсын болон хувийн сургуулийн төлөөлөгч нар ирж тус улсад суралцах талаар мэдээлэл өгөх юм.

Албан ёсны эх сурвалжаас үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулагдах үйл ажиллагаа учир хэн ч хүрч ирж мэдээлэл авах бололцоотой бөгөөд Япон орныг сонирхож байгаа залууст маань сайхан боломж болох байх гэж бодож байна. 

Ярилцсан: Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар

ВИДЕО: