Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

П.Батхишиг: Хүний хөгжил гэдэг тоног төхөөрөмждөө, мөнгөтэй мөнгөгүйдээ биш, хүмүүсийнхээ сэтгэхүйд байдаг гэдгийг л ойлгуулахсан

ikon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулж байгаа бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар таван асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Энэ удаагийн зочноор ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, менежментийн зөвлөх Пүрэвдоогийн Батхишиг оролцож байна.

П.Батхишиг нь Япон улсын засгийн газраас хэрэгжүүлдэг “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төгсөгч бөгөөд 2006 онд Японы топ сургуулиудын нэг Васэда Их Сургуулийг төгсөж Монголдоо ирээд, АПУ ХК-д төлөвлөгөө хариуцсан захирал, Шунхлай групп ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм. 

1. Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

-2006 оны намар ирж байсан. Тухайн үед манай эдийн засаг сүртэй том болоогүй, Монголдоо ирдэг гадаадад төгсөгчдийн тоо ч их байгаагүй. 

Ер нь ажил хийж байгаад явсан, шууд сургуулиас явсан оюутны ялгаа гардаг. Ажиллаж байгаад явсан хүмүүсийн хувьд буцаж очоод юу хийх вэ гэдэг дээрээ илүү төвлөрчихдөг. Тэдний хувьд нэг давуу тал нь гэр бүл нь байж байдаг, урьд нь ажиллаж байсан ажил нь байж байдаг, хариуцлага нь байж байдаг.

Би л гэхэд ирээд долоо хоногийн дотор шинэ ажилдаа ороод ажиллаад эхэлчихсэн байсан. Ер нь 2-3 компаниас ажлын санал авсан байсан. Тэртээ тэргүй номыг нь сураад ирсэн юм чинь ид шидийг нь гаргая, ажлаа хийе гээд л шууд ажиллаад эхэлсэн. Одоо ч гэсэн хүмүүсийг тэгээсэй гэж боддог. Яагаад гэвэл гадаадад сурна гэдэг асар их өндөр үнэтэй хөрөнгө оруулалт авчхаж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг зүйл маш чухал. Ер нь сайн боловсрол сайн өгөөж өгдөг. 

Миний бодлоор сургуульд аргуудыг сурдаг. Чи аргатай байх юм бол зөндөө юм хийж болно. Харин нэг их аргагүй бол сүртэй сэтгэлээр юм хийж чадахгүй шүү дээ. Жишээ нь чи ганцхан тонгордог мэхтэй бол чи бүхнийг тонгорох гээд, тонгорч чадахгүй л бол дуусчихна шүү дээ. Олон мэхтэй болж байгаад, өрсөлдөгчөө харж байгаад таарсан мэхээ хийдэг байхгүй юу. Сургуулийг би тэгж л боддог. Тэр нь гэхдээ заавал гадаадад сурахыг дэмжиж байгаа юм биш шүү дээ. Монголд ч гэсэн сайн сургуульд сурах боломж бий. Гэхдээ явж, юм үзэж, нүд тайлах хамгийн чухал гэж бодож байна. 

2.Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим?

-Цаг барих гэдэг их чухал.

Цаг барина гэдэг ер нь хариуцлагын л асуудал байдаг юм байна лээ. Өнөөдөр бид хэчнээн түгжрэлтэй байсан ч аливаа уулзалт, ажилдаа цагтаа ирж байвал тэр хэрээрээ бид зарчимтай хүн гэдгээ харуулж байгаа юм. Цаг барих гэдэг Японд сурах ёстой ганц зүйл. Бид зөвхөн цагны тухай гээд бодоод байдаг. Ганцхан цагны тухай яриад байгаа юм биш шүү дээ. Цаг барилтын ард төлөвлөлт байгаа, хариуцлага байгаа, амлалт байгаа. Мөн нэр төрөө бодох гэх мэт олон юм ард нь байдаг. Чи уулзалтад цагаасаа хоцорч байвал чиний тухай ойлголт бүхэлдээ өөр болж байгаа л гэсэн үг. Энэ хүн цагтаа хийдэггүй юм байна. Цагтаа хийдэггүй гэдэг чинь найдваргүй гэсэн үг. Найдваргүй бол тэгээд дагасан олон асуудал үүснэ. Үүнийг өөртөө суулгахыг хичээдэг. Ер нь бараг суралцсан байгаа. Нэмээд өөр олон зарчмын талаар ярьж болох ч хамгийн түрүүнд цаг бариад сурчихвал их олон зүйл цэгцэрнэ гэж боддог.

3.Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

-Бакалаврт шууд явж байгаа хүүхдүүдийн хувьд Монголд нийгмийн харилцаанд сайн ороогүй учраас эдийн засаг яаж хөгжих үү, гол салбар маань юу вэ, цахилгаан хангамж хэр вэ гэх мэт эдийн засаг, бизнесийн орчны ойлголт дутуу байдаг. Мастераар явж байгаа хүмүүсийн хувьд бол арай өөр. Анхнаасаа юу сурахаа мэдчихсэн, дараа нь яах вэ гэдгээ төлөвлөчихсөн байдаг.

Миний хувьд Монголд ирсний дараа нэг их бэрхшээлтэй байсан гэж хэлэхгүй. Мэдээж хүн хүнээсээ хамаарах байх. Жишээ нь, Японд 10 жил болж ирээд Монголдоо хөлөө олж чадахгүй ч хүн байна. Япон стандартаар, япон соёлоор нэг шинэ бизнес, төсөл эхлүүлдэг, тэр нь үр өгөөжөө өгөхөөс нь татвар, нийгмийн даатгалын өр зэрэг дарамтууд гарч ирээд сүүлдээ “Компани байгуулдаг л буруу байсан байна” гэж байгаа ч хүн байна. Алдартай консалтинг компанид олон жил ажиллаад, маш их туршлага хуримтлуулаад ирсэн чинь Монголд тэрийг нь төдийлөн ойлгодоггүй, үнэлдэггүй гэх тохиолдол ч байна. 

Саяхан япон компаниас Монголдоо ажил авч хийдэг IT-ийн салбарын залуучуудтай уулзахад бас хэлж байсан. Монгол компаниуд маань Япон стандартаар бол ажлаа хийгээд сурчихсан. Япон захиалагчийн хувьд юу хүсэж байгаа нь, шаардах зүйлс нь өндөр стандарттай ч гэсэн тодорхой байдаг учраас анхандаа шууд биелүүлж чаддаггүй байсан ч яваандаа хийгээд сурчихсан. Эсрэгээрээ Монгол харилцагчид өөрсдөө тэр зүйлсээ сайтар тодорхойлоогүй, төлөвшөөгүй тал байдаг учраас тийм ажил хийхэд илүү их цаг авдаг, олон асуудал үүсдэг гэж хэлж байсан. 

Тэгэхээр бэрхшээл бол салбар салбарт өөр өөр гэж харж байна. Японд ямар орчинд ажиллаад, юу болоод ирсэн бэ гэдэг нь нэг өөр асуудал. Тэр нь нутагтаа ирээд, энд байгаа нөхцөл байдалд зохицох уу гэдэг нь өөр нэг асуудал байгаад байдаг. Энэ хоёрын хооронд дасан зохицох хугацаа гэж байх шиг байгаа юм. Үүнийгээ зөв олж харвал боломж байгаа. Мэдээж бас амжилттай ажиллаж байгаа залуучууд байгаа шүү дээ. Элдэв бэрхшээлийг даваад, эсвэл шууд гадаад харилцагчаас захиалга аваад, амжилттай ажлаа хийгээд явж байгаа IT-ийн компаниуд байгаа. Харин миний үед бол бидэнд бэрхшээл гэхээсээ илүү харин ч харьцангуй боломж сайтай байсан байх гэж хэлмээр байна. Тэр ч үүднээсээ бидэнд карьер хийхэд харьцангуй нааштай байсан байх. 

4.Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

-Бид хоёрын сая ярьдагтай их уялдаатай асуулт байна. 

Жишээлбэл “1000 инженер” хөтөлбөр их том, сайхан хөтөлбөр явж байгаа. Гэхдээ төгсөөд шууд ирэх үү, тэндээ ажиллаж байгаад ирэх үү гэдэгт асар том ялгаа байгаа гэж би харж байгаа. Ялангуяа нарийн инженер, техникийн мэргэжил бол сурсан зүйлээ ирээд шууд туршаад, хэрэгжүүлээд явах боломж бага учир олж авсан техникийн мэдлэгээ тэндээ туршдаг, тодорхой ажлын арга барил эзэмшдэг байвал илүү их үнэ цэн өгөх байх. Болдог бол тэндээ 2-3 жил ажиллаад ирдэг байгаасай гэж би боддог юм. 

Ер нь олж авсан мэдлэгээ ашиглаж чадахгүй байгаа гэхээсээ илүү ашиглах нөхцөл боломж бүрдэхгүй байгаа тал бас бий. Жишээ нь, Японд төгссөн хуулийнхан бол бүгд л их чадвартай, салбар салбартаа багшлах нь багшлаад, хууль шүүхийнхээ системд ажиллаад явж байгаа. Эмч нар ч гэсэн нарийн мэргэжлээр мэргэшээд ирж байгаа учир буцаж ирээд том асуудал барьж аваад, шийдээд явах нөхцөл бололцоогоор нь энд тодорхой хэмжээнд хангаж өгөх нь чухал байх. 

JDS төгсөгчдийн хувьд 400 гаруй хүн салбар салбартаа тодорхой хэмжээнд амжилттай яваа улсууд гэж хардаг. Дийлэнх нь төрийн албаны хүмүүс явж ирээд буцаад төрдөө ажиллаж байгаа болохоор сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд, ашиглаад явж байгаа гэсэн үг байх. Нийт төгсөгчдийн 20-30% нь бизнесийн салбарынхан байгаа байх. Энэ хүмүүсийн хувьд ч гэсэн салбар салбартаа их амжилттай, өөрсдийн хэмжээнд сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлээд явж байгаа гэж хардаг. Гэм нь тэд нар чинь даруухан учраас янз бүрийн ярилцлага, нэвтрүүлэгт над шиг ингээд орохгүй шүү дээ. Гэхдээ өөр өөрийнхөө салбарт тодорхой үр дүн гаргаад ажиллаад явж байгаа гэж боддог.

Өөр нэг зүйл гэвэл, жишээ нь Японы том компанид ажиллаж байгаад Монгол дахь салбарт нь шилжээд ажиллах бол асуудал бага байдаг байх. Харин Японд япон компанид ажиллаж байгаад, Монгол компанид ажиллахаар соёлын зөрүү, ажил явдаг системийн зөрүү гээд олон зөрүүнүүд гардаг. Үүн дээр дасан зохицох, идээших зүйлсээ бид сайн хийх хэрэгтэй юм болов уу гэж хардаг.

5.Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?

-Миний хувьд Японы чанар гэдэг ойлголтыг ноу-хау л гэж хэлмээр байгаа.

Япончуудыг дэлхийд тамгалсан брэнд нь юу юм гэхээр “Япон чанар” л гэж хэлдэг. Бид япон чанар гэхээр богино хугацаанд сураад ч юм уу, богино хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад чанарыг бий болчихно гэж бодоод байдаг. Гэтэл тэр чанар өөрөө асар их бэлтгэлээс бий болдог зүйл. Би заримдаа шоглоод хэлдэг юм. “Бэлтгэхийн өвчтэй” гэж. Япончууд асар их бэлддэг. Жижигхэн юмыг хүртэл.

Жишээлбэл, би 2015 онд JCI-ийн сайн дурын байгууллагын үйл ажиллагаан дээр Японыг хариуцаж байсан юм. Миний тавих илтгэлийг “Бэлэн үү?” л гээд асуугаад байсан. Би ч “Бэлэн” л гээд байсан. “За одоо гараад илтгэлээ тавь” гэхэд тэр илтгэлийг секундээр нь хэмжиж байгаа юм. Сүүлд нь надад “Таны илтгэл яг 3 минут байх ёстой. Та илтгэлээ хасаж болох уу? Эсвэл жаахан хурдан ярих уу?” гэж асууж байсан. Энэ бол зүгээр нэг жижигхэн зүйл юм шиг мөртлөө өнөөх хэлээд байгаа “Япон чанар” гэдэг зүйлийг тод харуулж байгаа юм. Цаг хугацаандаа байх тухай, цаг хугацаатай байх тухай. Хязгаарлагдсан тэр цагтаа хамгийн чухал шаардлагатай, чухал зүйлсээ шахаж оруулах гэх мэт. 

Миний бодлоор Японы чанарыг бий болгож байгаа гол зүйл нь сэтгэлгээ. Дэлхий дээр Япон чанар гэдэгтэй хэн ч маргахгүй. Европт Герман чанар гэдэг шиг дэлхийд Япон чанар гэдэг зүйл байна. Японы аль ч компанийн хийсэн юм дандаа чанарын тухай байдаг. Тэгэхээр бидний хувьд Японоос хуулах зүйл байдаг бол тоног төхөөрөмж, технологи гэхээсээ илүү тэр сэтгэлгээг л хуулах хэрэгтэй. Яаж бид аливаа ажлыг хийхдээ чанартай хийдэг болох вэ гэдэг сэтгэлгээ. 

Ер нь хүний толгой дотор өөрчлөлт гарахгүй л бол хэчнээн гоё машин авчраад бид зам дээр яаж муухай бөглөрч байна, хэчнээн гоё тоног төхөөрөмж авч ирээд яаж муухай эвдэлж болж байна гэдгийг бид өөрсдөө харж байна шүү дээ. Хүндээ хэчнээн хөрөнгө зарцууллаа ч тэр хүний толгой дотор өөрчлөлт гарахгүй тохиолдолд бид чанарын тухай ярьж чадахгүй. Чанар гэдэг зүйлийн ард асар том хариуцлага байна гэж харж байгаа. Хариуцлагатай хүнээс л чанар гардаг юм байна. Хариуцлагагүй хүнээс бол чанар хэзээ ч гарахгүй. Жишээлбэл, нэг ресторан нээгдээд аятайхан амттай байж байгаад дараа нэг очиход амт нь уначихсан байдаг шүү дээ. Яасан гэхээр “Тогооч байхгүй болчихсон” гэдэг ч юм уу янз бүрийн шалтгаан гаргаж ирдэг. Гэтэл хэн ч солигдсон бай тэр амт чанар нэгэн хэвийн байна гэдэг чинь л чанарын тухай ойлголт байгаа юм. Тэгэхээр чанарын ард хариуцлага гэж юм байгаад байгаа. 

Хариуцлагаас илүү том зүйл нь бол ёс зүйн тухай асуудал байгаа. Япончуудын хэлдэг үг байна шүү дээ. “Ёс зүйд албан тушаал өг. Ур чадварт бол цалин өг” гэж байгаа. Тэгэхээр энэ чинь ур чадвараас ёс зүй нь илүү шүү гэдэг ойлголт яваад байгаа юм. Тэгэхээр бид Японоос хамгийн сурчхаасай гэж боддог зүйл бол чанарыг бий болгож байгаа энэ сэтгэлгээг л авмаар байгаа юм.

Болдог бол аль болох олон хүнийг Японд хоёр долоо хоногоос хоёр сар ч юм уу байлгаад, ажил яаж явдгийг харуулах юм бол “Аан, хүний хөгжил гэдэг зүйл чинь тоног төхөөрөмждөө, мөнгөтэй мөнгөгүйдээ биш хүмүүсийнхээ сэтгэхүйд байдаг юм байна” гэдэг зүйлийг ойлгож авна гэж боддог юм. 

Одоо бизнес эрхэлж байгаа улсууд ч гэсэн. Янз бүрийн л бизнесүүдтэй ажиллаж байсан. Тэгэхэд зарим бизнес явж байгаад хөгжих гээд хөгжил нь гацчихаж байгаа. Зарим бизнес дампуураад алга болчхож байгаа. Тун цөөхөн нь дээшээ өсөж байгаа байхгүй юу. Ямар компани нь өсөөд байна вэ? Ингээд харахаар ёс зүйтэй, хариуцлагатай, хэрэглэгчээ хуурдаггүй, энэ тэндээс улсын мөнгө аваад идчихгүй гэх мэт наад захын шалгууруудыг л даваад байхад компани өсөх боломж нь байгаад байдаг

Тэгэхээр Японоос сурах ноу-хау дээр миний санал болгох зүйл бол япон хүний чанарын сэтгэлгээг л Монголд нэвтрүүлмээр байгаа юм. Доторх бүрдэл шинжүүдийг нь тодорхойлоод, тэр бүрийгээ буух эзэнтэй, буцах хаягтай болгоод явах хэрэгтэй. Энэ тал дээр боловсролын систем мэдээж их үүрэг гүйцэтгэнэ л дээ. Гэхдээ бид төсөв мөнгө зэрэг хүчин зүйлсийг хараад хүндрэлтэй асуудал ярьдаг ч жишээлбэл хувийн салбарын сайн компаниуд энд түүчээлж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй ажиллах тухай, ажлын ёс зүйн тухай, хариуцлагын тухай, хэрэглэгчийн хариуцлага, нийгмийн хариуцлагын тухай гээд хариуцлага яригдаад ирэхээр тэндээс ийм чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр асуудлыг тэр талаас нь хармаар байгаа юм. 

Түүнчлэн Японд төгсөгчдийн тухайд ярихад, Японд төгссөн гэдэг чинь зөвхөн сайн сайхны үлгэр жишээ болно гэсэн үг биш шүү дээ. Үүнийг бас бодох хэрэгтэй. Энэ олон хүн дотор янз бүрийн л хүмүүс байдаг. Зарим тохиолдолд айхтар онц сурч байгаад ажил нь явдаггүй хүн байна. Бид мэдэхгүй шүү дээ. Заримдаа Японд сурсан, мундаг хүн гэж харж байтал хүний итгэл алдахыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр жил жилд л мянга мянган хүн төгсөөд ирж байхад тэдний дунд 10-20 янз бүрийн хүн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр хаана сурах вэ гэдэг бол төдийлөн шошго биш. Юу сурав, тэрийг яаж хэрэглэв гэдэг л их чухал. Тэгэхээр бид цааш цаашдын нэвтрүүлэгтээ Японд төгссөн хүмүүсийг урихдаа ёс зүйн шалгуурыг тавиад, олон салбарын төлөөллийг харуулаад явбал зөв байх гэж бодож байна. Миний хувьд JDS-ийг төлөөлөөд орчихсон учраас нэг талаасаа их азтай таарчихлаа. Сайн сайн залуучууд цаагуур чинь зөндөө бий. 

Хэлэх зүйл бол япончуудаас бид ядаж цаг барьдгийг нь, чанартай юм хийдгийг нь гээд хоёрхон юмыг л гайгүй сурчихвал их өөр болно.

Ярилцсан: Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар

ВИДЕО:

https://fb.watch/e6bAP4w5EQ/