Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

П.Золжаргал: Японоос сурсан хамгийн гол зүйл бол “мэрихари” буюу “Ажиллах үедээ ажлаа сайн хийнэ, амарч зугаацах үедээ сайн амарч зугаацна”

ikon.mn
2022 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
зургийг хувийн архиваас авав

-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. 

Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулах бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар   таван асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Энэ удаагийн зочноор “Амигдала Филмс”-ийн захирал, кино найруулагч П.Золжаргал оролцож байна.

П.Золжаргал нь Япон улсын Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 онд сургуулиа төгсөөд Монголд ирснээсээ хойш “Шат”, “Нүцгэн гэрэл”, “Yellow bus” зэрэг богино хэмжээний хэд хэдэн кино хийж, үзэгчдийн хүртээл болгосон төдийгүй “Шат” кино нь 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмын ТЭРГҮҮН шагналыг хүртэж, алдарт Оскарын шагналын богино хэмжээний киноны төрөлд “ENTRY” хийсэн амжилттай яваа залуу найруулагч юм. “Шат” киног хийхдээ Монголын Урлагийн Зөвлөл болон Австралийн “Бас стоп филмс” ТББ-тай хамтарсан бөгөөд уг төсөл нь оюуны хөгжлийн ялгаатай залууст кино хийх арга барилыг зааж өгөх, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломж олгосноороо маш онцлог. Оюуны хөгжлийн ялгаатай 18 залуус кино хийх бүх үйл явцад оролцож, зургийн талбай дээр мэргэжлийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан юм. Энэ утгаараа Токиогийн Short Shorts Film Festival-аас 不可能を可能にする буюу “Боломжгүй зүйлийг боломжтой болгосон” хэмээх шагналыг хүртсэн байна.

Тэрбээр одоогоор боловсролын тэгш бус байдал, агаарын бохирдол, хүүхдийн эрх сэдвийг хөндсөн “Баавгай болохсон” хэмээх бүрэн хэмжээний анхны уран сайхны киногоо туурвиж байгаа юм.

Ийнхүү П.Золжаргал найруулагчтай дараах таван асуултын хүрээнд ярилцсанаа хүргэж байна.

зураг
 
зургийг хувийн архиваас авав

- Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

- Би их сургуулиа төгсөнгүүтээ шууд Монгол руугаа буцаж ирэхээр шийдсэн. Мэдээж үлдэж ажиллах олон боломж байсан. Гэхдээ яг тэр үед миний бичиж байсан зохиолууд, хиймээр байсан кинонууд, толгойд орж ирсэн бүх түүх дандаа л Монголд өрнөж байсан учраас Монголдоо л ирье гээд хүрч ирсэн. Монголынхоо сайн талыг ч, саар талыг ч ерөнхийд нь мэдэж байсан. Гэхдээ эсрэг соёлын шок болдог л юм байна лээ. 

Нэгэнт зорьж явсан учир суралцаж дөрвөн жилийн хугацаандаа Японы соёл, арга барил гэх мэт маш их зүйлд нь дасаж, ууссан байсан. Монголд ирчхээд төрсөн анхны бодол бол “Монголд байгаа мөртлөө Япон хүн шиг байхгүй юм шүү, Японоос сурсан сайн зүйлсээ авна, Монголд зохихгүй зүйлсийг нь гээнэ шүү” гэж бодож байсан. 

Ирсний дараахан автобусанд явж байтал урд сууж байсан нэг эгч утсаараа хамаг амьдралаа ярьсан юм. Японд бол автобус, метронд утсаар ярих нь битгий хэл хоорондоо чанга ярихад ч бараг муухай хардаг болохоор тэрэнд нь дасчихсан би тэр эгчийг маш их гайхаж, “Яагаад ингээд хамаг амьдралаа яриад байгаа юм бол гэж нэг бодсоноо дотроо “Хөөе хөөе, зогс зогс. Чи чинь япон хүн болчихсон байна шүү дээ. Ийм байж болохгүй. Энэ чинь чиний 18 жил амьдарсан газар” гэж бодсон. Энэ чинь л өөрөө Монгол байхгүй юу. Гэхдээ жишээ нь намайг хөл хүнд байхад автобусанд харсан хүн болгон суудал тавьж өгдөг байсан. Монголд маань ч авах юм их байгаа, Японд ч их бий. Энэ бүгдийг нийцүүлээд, хоорондын зохицлыг нь олоод, зохицуулаад явъя, нэг жил бололгүй буцаад явчхав аа гэдэг бодол төрсөн. Японоос сурсан бүхнээсээ авах зүйлийг нь авч үлдээд, гоё Монгол кинонууд хийх юм шүү гэж бодож байсан.

- Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим?

- Японоос сурсан хамгийн гол зүйл бол “мэрихари” гэдэг зүйл. Товчхондоо бол “Ажиллах үедээ ажлаа сайн хийнэ, амарч зугаацах үедээ сайн амарч зугаацна” гэсэн үг. 

Бусад салбар яадгийг сайн мэдэхгүй ч Японд зураг авалтын талбай дээр бүгд “серьезный” ажлаа хийдэг. Тэнд “кино хийж” тоглож байгаа хүн нэг ч байхгүй. Хүн болгон өөр өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж дуусгаад түүнийхээ дараа хамтдаа уухаар ч юм уу хөгжилдөхөөр явах үед бол харин яаж ч найзан дундаа орж болно. Сайхан хөгжилдөөд, ярилцаад, цагийг зугаатай өнгөрөөнө. 

Ажлын дундуур харин тэгэх юм бол жинхэнэ “алуулна”. Хүмүүст загнуулна, зургийн талбайгаас хөөгдөнө. Хүн бүр анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байхад тэнд цаг нөхцөөгөөд сул зогсож байвал бас орилуулна. Тэнд бол хэн ч эелдэг байж, чиний толгойг илэхгүй. Яагаад гэвэл ажил учраас. Энэ зарчмыг одоо ч гэсэн кино хийх үедээ аль болох баримтлахыг хүсдэг. Хамт ажиллаж байгаа бусад хүнийг ч гэсэн ийм зүйлд анхаараад ажиллаасай гэж хүсдэг.

- Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

- Манайхан ер нь ажил хийхдээ төлөвлөгөөгөө нарийн гаргадаггүй. Японд бол нэг үйл ажиллагаа зохион байгуулахад 2-3 сарын өмнөөс бэлтгэдэг. Нэг самбар байсан ч тэрийг хэн, хэзээ, хаана өлгөх үү гэдгийг тодорхой болгодог. Хоол байвал хэн, хэдэн цагт авчрах, хэдэн төгрөгөөр авах гээд бүх зүйл тодорхой байдаг. Тэгж бэлдсэний хүчинд яг үйл ажиллагааны өдөр ямар ч алдаагүй, асуудалгүй бүтдэг. Ер нь аливаа ажлыг хийхдээ хэн, хэзээ, хаана, хэрхэн, юуг, яаж, хэдээр, хэнтэй гээд бүх асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Манайхан тэгтэл нэг бол хаана гэдгийг нь мартчихдаг, нэг бол хэдээр гэдгийг нь мартчихдаг. Яг тэрүүгээр ажил “гоожчихдог”. 

Анх япон хүмүүстэй ажиллахад бүх юмыг олон дахин шалгаад байхаар ядаргаатай юм шиг санагддаг байсан. Хэд дахин “Хийчихсэн үү, яг хийчихсэн үү” гэж шалгаж асуугаад л. Гэхдээ тэрний хүчинд л сайн бүтээл гарч, ажил сайнаар дуусдаг гэж боддог. 

Өөр нэг асуудал гэвэл хамт ажиллаж байгаа багийнхандаа мэдээллээ хуваалцдаггүй. Багаар ажиллахын тулд бүх мэдээллээ хуваалцах ёстой. Тухайн ажилд ирж байгаа хүн тэр өдөр хаана, юуг, яаж, хэнтэй хийхээ мэдэж байх хэрэгтэй. 

“Монголчууд угаасаа замаа ч барьж чадахгүй байж кино хийнэ ч гэж юу байх вэ дээ” гээд шоглоод ч байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг хэлээд байдаг. Энийг өөрчлөх юмсан, эвдэх юмсан гэж их хүсдэг. Сая манай охидын баг Токиогийн Олимпод багийн спортоор анх удаа оролцсон шүү дээ. Би үүнд маш их баярласан. Кино хийх ч гэсэн ялгаагүй “багаар тоглодог” ажил учраас тэднээс маш их урам зориг авсан. Кино хийх чинь 30-60 хүн багаар тоглож, нэг хүн шиг ажиллах ёстой учраас тэр дунд нэг, хоёр л хүн багаараа тоглохгүй байхад яг тэрүүгээрээ “ажил гоожчихдог”.

Нэг талаасаа япончуудын төлөвлөгөөний дагуу сайн ажилладаг ч монголчууд гэнэтийн асуудал гараад ирэхэд сайн зохицуулдаг гэдэг ойлголт байдаг. Гэхдээ яг үнэндээ тэр бол ажлыг аргалж байгаа асуудал учраас олон хүн өөр өөрийнхөө ажлыг аргалах төдий хийгээд байвал хэзээ ч “номер нэг” болохгүй. Хэзээ ч “мэргэжилтэн” болохгүй гэсэн үг л дээ.

Юмыг хийж дуусгах гэдэг нэг зүйл. Сайн юм хийж дуусгана гэдэг бол шал ондоо асуудал. Бидний хувьд цагийг нь тулгаж ороод, тухайн үед нь аргалаад юмыг дуусгадаг ч энэ нь яг сайн юм болж байна уу, үгүй юу гэдгийг бодох л асуудал. Гэхдээ миний бодлоор хүн сайн кино хийх эрхтэй байдаг шиг, муу кино ч гэсэн хийх эрхтэй учраас энэ бүхэн ер нь хувь хүний сонголтын асуудал л гэж боддог. 

- Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

- Мэдээж Японд төгсөгчид дунд янз янзын хүмүүс байгаа. Дийлэнх нь амлалтаа биелүүлдэг, ажлыг тултал нь хийдэг, ёс зүйтэй юм шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаасаа хэтэрхий өөрийгөө дараад, арагшаа татчихдаг нь сул тал болоод байдаг. Аль болох онгирохгүй, харьцаж байгаа хүнтэйгээ хүн ёсоор харьцаад, эелдэг зөөлөн хандаад явах гэхээр үүнийг сул тал гэж харах тохиолдол Монголд байгаад байх шиг ажиглагддаг. Уг нь их гоё чанар л даа. Японд бол ажлаа хийж чаддаггүй мөртлөө онгирсон хүнээс бүгд тэгсхийгээд зайгаа бариад, найзлахаа больчихдог. 

Тиймээс Японд төгсөгчдийг илүү зоригтой байгаасай, чаддаг юмаа өөртөө итгэлтэйгээр ярьдаг, хийдэг байгаасай гэж хүсдэг. Хэт Япон маягийн зан гаргаад байгаа нь Монголын нөхцөлд зохихгүй байна даа гэж мэдрэгдээд байдаг юм.

Бас миний хувьд хүний юмыг хэрэглэсэн бол сайхан угааж, цэвэрлээд, эвдэлсэн юмаа засаад, солиод, тарьсан хогоо аваад гарах хэрэгтэй гэж боддог. Амьдрал урт шүү дээ. Тэр хүнтэй ахиад л тааралдана. Аягүй бол ахиад л тусламж, дэмжлэгийг нь авна. Яг үүнийгээ өдөр тутам хэрэгжүүлээд явахаар ядармаар, хааяа хэн ч анзаарахгүй, хэрэггүй юм шиг санагддаг ч яг энэ тал дээр бол бууж өгөхийг хүсдэггүй. Ядаж л “Золжаргалын кино багийнхан “сет”-ээ сайхан цэвэрлээд явдаг шүү” гэж бодож л байвал болж байгаа юм даа. Нэг цаг мөчид, хамтдаа улс орноо бүтээж байж нэг нэгэндээ муухай мэдрэмж ерөөсөө үлдээхгүй байхыг маш их хүсдэг.

- Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?

- Юм болгоныг дандаа дахин дахин шалгах, мэдээллийг ил болгох, хуваалцах. Сүүлийнх нь бол нутагшаад эхэлчихсэн юм шиг санагддаг. Японд ямар ч жорлонд орсон дандаа цэвэрхэн байдаг. Бүх хүн цэвэрхэн хэрэглэдэг гэсэн үг бол биш шүү дээ. Хоёр цаг тутамд цэвэрлэх хүн нь тодорхой, тэр хүн нь цэвэрлэхээрээ “check” хийгээд явдаг. Дараа нь хэн хэзээ цэвэрлэсэн нь тодорхой. Ерөөсөө нэг хуудас цаас хэвлээд л зохицуулчих асуудал шүү дээ. 

Яг энэ арга барил Монголд нэвтрээд, хэрэгжээд явж байгаа нь их баярлууштай санагддаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг бүх хүнд тодорхой болгоод байна гэсэн үг шүү дээ. Хэн хариуцаж байгаа, хэзээ хийж байгаа нь тодорхой болохоор хариуцлага гэдэг юм илүү сайжраад тодорхой болж байна гэсэн үг л дээ. Үүнийг ер нь бусад бүх салбарт нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжтой санагддаг. 

Манайхан чинь “check” хийдэг юманд маш сайн шүү дээ. Өглөө болгон хуруугаа уншуулаад бүртгүүлээд л. Үүнтэй адилхан бусад ажлаа ч гэсэн давхар шалгадаг болчихвол ажлын хариуцлага ч сайжраад, бүтээмж ч сайжирна гэж боддог.

Иймэрхүү зүйлсийг бага багаар дадал болгоод яваад байвал япончуудын хэлдгээр “Ичирюү” (Нэгдүгээр түвшин гэсэн утгатай үг) болж чадна гэж боддог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн буюу “Professional” гэсэн үг шүү дээ. Тийм болчихвол үнэхээр бахархмаар шүү дээ. Байгаа орчиндоо тааруулаад л урсгалаараа яваад байвал хэзээ ч тийм болохгүй. Тийм болно гэдэг чинь амархан бүтчихдэг зүйл биш. Өдөр бүр өөрийгөө зүлгэж, сайжруулж байж бүтдэг зүйл учир өдөр болгон л хичээх хэрэгтэй.

Өөр нэг зүйл гэвэл хүн гомдоохгүй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Хөгийн зан гаргаж ерөөсөө болохгүй. Бүгдээрээ хамтдаа амьдарч байгаа “нийгмийн хүн” учраас өөрт суусан сайн чанараа улам өнгөлөөд сайжруулаад явахыг л хүсдэг дээ.

Ярилцсан: Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар

ВИДЕО: Ярилцлага бүрэн эхээрээ