ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хос-Эрдэнэ: Японы нийгэмд орж үзээд өөртөө суулгасан нэг гол зарчим бол бусдад төвөг удахгүй байх

ikon.mn
2022 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулах бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар 5 асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Ярилцлагын анхны зочноор “АНД Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнийг урилаа.

Б.Хос-Эрдэнэ өмнө нь Япон дахь Швейцар улсын хөрөнгө оруулалтын банк болох UBS-д М&А, Хөрөнгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч банкираар, мөн Япон улсын мега банкуудын нэг болох Mizuho-д Зочид буудал, соёл амралтын хүрээлэн (парк), үл хөдлөх хөрөнгийн салбарыг хариуцан тухайн салбар болон харьяалагдах компаниудын бизнес шинжилгээг хийж байсан арвин туршлагатай. 

Тэрээр Япон улсын Хитоцүбаши их сургуульд Хөрөнгийн зах зээл, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, мөн Бизнесийн удирдлагын магистрын зэргийг хамгаалсан. 

Халх голын дайны үед сувилагчаар ажиллаж байсан түүний буурай эмээ япон цэргүүдийг сувилж  эмчлэх явцдаа тэдний зан чанарыг ихэд үнэлсэн гэдэг. Тухайн үед япон хүнээс олж харсан 3 үнэт чанар болох үнэнч шударга байх, маш их хөдөлмөрч байх, цаг сайн барихыг буурай эмээ нь үе дамжуулан захиж, сургасан нь хожмоо Хос-Эрдэнэ хүүд бат төлөвшжээ. Японд очиж суралцах мөрөөдөл нь ч буурай эмээгээс уламжилсан тэрхүү захиасаас улбаалсан хэрэг.

Б.Хос-Эрдэнэтэй дараах таван асуултын хүрээнд ярилцсанаа хүргэж байна.

 

1.Японд төгсөөд Монголд хөл тавьмагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

Шууд хэлэхэд “Ямар олон гоё залуу хүмүүстэй юм бэ? Ямар их бужигнаантай юм бэ?” гэж бодогдсон. Нэг тийм буцалсан байгаа байхгүй юу… Тэгээд ямар их юм хийх боломжтой, ажил ихтэй байна даа гэж бодсон.

Буцаад ирэхэд өдөр тутамдаа бухимдаад, хүнтэй ам зөрөөд, дэлгүүрээс юм авахын төдийд загнуулаад, таксинд суунгуутаа бас загнуулаад явдаг тэр мэдрэмжүүд надад эсрэгээрээ гоё байсан. Японд бол тийм зүйлтэй бараг л таардаггүй учраас магадгүй саначихсан байсан ч байж магад. Японд 12 жил болчхоод ирж байгаа нь тэр шүү дээ. Дунд нь богино хугацаагаар Монголдоо ирж, буцаад л байсан ч яг ирээд тогтоод ажиглахад тэр буцлаад байгаа нь маш их эрч хүчтэй байгаагийнх юм байна гэж бодсон(инээв). Эрч хүч нь оргилоод, бүр хэрэлдээд ч хамаагүй гадагшлуулах гэдэг ч байж магадгүй юм. Тэр нь надад бол маш гоё мэдрэмж төрүүлсэн.

2.Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим?

Гоё асуулт байна. Ер нь олон байгаа. Суурь нь бол Япон явах болсон шалтгаантай минь холбоотой, манай буурай эмээгээс үүдэлтэй юм.

Буурай эмээ маань 109 насалсан хүн байдаг. Халх голын дайны үед сувилагчаар ажиллаж, бэртэж гэмтсэн, шархадсан япон цэргүүдийг сувилаад, эмчилдэг байж. Тэр үед япон хүмүүстэй харьцаж байхдаа эмээ маань тэдний зан чанараас авах зүйл их байна гэдгийг ойлгосон гэдэг. Тэр нь

  • нэгт, үнэнч шударга байх
  • хоёрдугаарт, их хөдөлмөрч байх
  • гуравдугаарт, цаг сайн барьдаг байх.

Энэ гурван зүйлийг охиндоо буюу эмээд минь маш их захиж ярьдаг байж. Тэгээд япон хүмүүс гэдэг чинь ийм сайн зан чанартай хүмүүс байдаг юм гэдгийг надад дахин дахин хэлж, зааж ярьдаг байв.

Би эмээ дээрээ өссөн болохоор ч тэр үү, тэгж их захисан гурван шинж чанар нь надад сууж үлдсэн шиг байгаа юм. Одоо ч гэсэн намайг тодорхойлох хэдэн шинж чанарт багтдаг болов уу гэж боддог. Би үнэхээр үнэнч шударга байхыг хүсдэг. Хоёр нүүр гаргаж, худлаа ярихад маш дургүй. Аль болох хөдөлмөрч байхыг хичээдэг. Ерөөсөө өөрийнхөө хэмжээнд тултал зүтгэхэд их ач холбогдол өгдөг. За тэгээд цаг барих тухайд хүн хүлээлгэх маш дургүй. Хүн хүлээлгэх, эсвэл хоцрох гээд байгаа мэдрэмж төрөхөөр их тавгүй байдаг.  

Үүнээс гадна, Японы нийгэмд орж үзээд өөртөө суулгасан нэг гол зарчим бол хүнд төвөг удахгүй байх. Японд сурч, ажиллаж байсан хүмүүс санал нэг байх болов уу. Би хэн нэгэнд төвөг болохгүйхэн шиг байх юмсан гэдэг бодолтой байдаг. Эцэст нь аливаа зүйлд тууштай байх. Япон хүмүүс урдах ажил нь сонирхолгүй, уйдмаар байсан ч хийнэ л гэсэн бол төгс хийдэг хүмүүс. Өдөр тутмын жижиг чимхлүүр ажлуудыг ерөөсөө залхуурахгүй, мятаршгүй, цуцахгүйгээр хийдэг. Түүнийгээ ч маш чухал гэж боддог. Тиймээс тууштай байдал, хүнд төвөг удахгүй байхыг эрхэмлэдэг дээ.

3.Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

За, жижигхэн буюу өдөр тутмын бэрхшээл болон томоор зургаар нь, жишээлбэл бизнес хийхэд тулгарч байгаа бэрхшээл гээд хоёр өнцгөөс нь ярья.

Жижигхэн бэрхшээл. Энэ бол их хөнгөхөн л дөө. Японд 6, 7 жил ажиллаад сурсан арга барил гэж байна. Монголд ирээд яг тэр арга барилаараа ажиллах гэж үзсэн, тийм амар болчих зүйл биш юм билээ. Эхэндээ их хавиралдана. Гэхдээ энэ бол аль нэг нь зөв, буруу, эсвэл энэ нь гоё, тэр нь муухай гэж байгаа хэрэг биш. Ердөө л Японд эзэмшсэн арга барилаасаа авахыг нь аваад хаяхыг нь хаях их чухал гэж ойлгосон. Энэ бол жижиг төрлийн бэрхшээл байсан.

Том бэрхшээлийн хувьд дээр дурдсан хүнд төвөг болохгүй гэсэн зарчмаа барих. Би гэдэг хувь хүн мэдээж чухал. Манай талын өнцгөөс харах чухал. Гэвч нөгөө тал маань аливааг юу гэж харж, юу гэж бодож байгаа вэ гэдэг ч бас маш чухал гэж боддог. Гэтэл Монголд “win-win” буюу харилцан ашигтай байх боломжийг ашигладаггүй.

Уг нь хоёулаа зөв ойлголцчихвол аль аль нь гоё хөгжих гээд байна. Жишээ нь, манай сул талыг нөхөх сайн тал нь танайд байна, танай сул талыг манай ийм сайн тал нөхөх гээд байна. Хоёулаа нийлчихвэл хэн хэндээ өгөөжтэй гоё явах гээд байна гэх мэтээр ярихаар “Энэ нэг л учиртай, нэг л завших гээд байна даа... (инээв)” гээд заавал ард нь нэг учир байна гэж хардах хандлага ажиглагдаад байдаг. Тайлбарлах гэж оролдох тусам нөгөөх нь улам гайхаад, улам шийрэгнээд байдаг. Энэ бол их том бэрхшээл.

4.Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

Миний хувьд жаахан хэцүү л асуулт байна. Манайх одоо Монголоос гадна Филиппинд бизнестэй, мөн түүнээс гадна олон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа миний хувьд олон улсын зах зээлд илүүтэй анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг тул яг Монголд ашиглаж чадах, чадахгүйн талаар хариулахад хэцүү асуулт байна. Гэхдээ Японд сурсан байхаараа л Японтой холбоотой ажил хийх, эсвэл Японд төгссөн болохоороо л заавал япон хэлээ ашиглах албатай биш л гэж боддог.  

Бидний хувьд хэдийгээр япон хөрөнгө оруулагчтай, Marubeni, SBI Holdings гэх мэт компанитай стратегийн түншлэл үүсгээд явж байгаа ч бидний гол үйл ажиллагаа олон улс руу чиглэж байгаа. Зөвхөн Монголд юм хийхийн тулд тэр хүмүүсээс хөрөнгө оруулалт авсан юм биш. Монголчууд бидэнд хийж чадах зүйл байна, түүндээ тулгуурлаад нийлээд хамтдаа олон улсад “үзүүлээд өгье өө” гэдэг тийм л зарчимтай. Тиймээс ч бид Филиппин болоод бусад гаднын улсуудад технологи экспортлоод Монгол хүний оюуны бүтээмж гэдэг юмыг үнэлүүлэх гээд явж байгаа.

Технологи бүтээхэд түүхий эд нь юу юм бэ гэхээр хүний оюуны чадамж л байгаа юм. За тэгээд цахилгаан, хэдэн компьютер, сервер л байхад бараг болох гээд байна. Тэр хүн дэлхийн хаана байх нь хамаагүй. Тэгээд тэр бүтээгдэхүүнээ онлайн орчинд хүргэчихнэ. Хамгийн сүүлийн жишээгээр саяхан бид Камбожийн банканд өөрсдийнхөө технологийг нийлүүлэхээр гэрээ зурчихлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж бид биеэрээ очиж чадахгүй тул онлайнаар л бүх харилцаагаа авч явахаас өөр арга байгаагүй. Гэхдээ эцсийн дүнд видео хурлуудаар л бүтээчихлээ шүү дээ.

5.Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?

Би бол япон хүмүүсийн тодорхой зан чанарууд л юм болов уу гэж бодоод байгаа, энэ нь ноу хау гэдгээс арай өөр ч байж магадгүй.

Монголчууд бидэнд сайн талууд зөндөө байна, гэхдээ яалт ч үгүй л бидэнд япон хүмүүсээс авах юм байгаа. Гэхдээ дэндүү их авахгүй ээ, хэт их бас битгий аваарай (инээв).

Жишээ нь монгол хүний уйдамхай зантай түрүүний ярьсан Япон хүний тэвчээртэй, тууштай байдал уусвал сайн л байх. За тэгээд аливаа юман дээр нөгөө хүнийхээ байр сууринаас харах нь монгол хүний жаахан “би, би” гэх гээд байдаг талтай зөв хослуулбал бас тэнцвэртэй болох байх. Эдгээрийнхээ үндсэн дээр “win-win” буюу харилцан ашигтай харилцаа үүсэх боломжийг бүрдүүлж өгөөд дээр нь цагаа барьдаг болчихвол бид дор хаяж бие биенийхээ хүндэтгэлийг хүлээнэ гэсэн үг. Ингээд хоорондоо хүндэтгэлтэй хандаад эхлэх юм бол олон бизнесийн харилцаа, хувь хүний харилцаа сайхан болоод явах байх гэж боддог. Ийм энгийн зүйлсийг хийгээд дадвал ямар нэг тодорхой ноу хау гэхээсээ илүү бизнесмэний хувьд ч, нийгмийн нэг хэсэг болоод явж байгаа хүний хувьд ч хаана ч байсан, юу ч хийсэн бат бөх, сайн суурьтай болох юм болов уу.  

Ярилцсан: Ц.Тамир, Японд төгсөгч, ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Медиа аналист

ВИДЕО: Ярилцлага бүрэн эхээрээ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Одончимэг [103.10.23.97] 2022/2/10
Хосоодоо болон хамтран зүтгэгч Анд Глобал компанийн хамт олонд нь зорьсон зорилгодоо хүрэхийг ерөөе.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/2/9
Үнэхээр үнэн. Манайд бол тэс эсрэгээрээ. Яаж хүнд төвөг удах вэ, яаж хүнийг доош хийж доромжилж дооглох, пээдгэр зан гаргах,луйвардаж,хулхидах, айлгах гэсэн маягийн харилцаа сэтгэлгээтэй байдаг. Тэр зан нь яаж засрах юм бүү мэд ээ.
10 | 0 Хариулах
Tal harvasan hun [64.119.18.13] 2022/2/9
teriig bur tom bolson hoinoo l oilgosn gej baina shu hamgiin teneg hun baina uur yu gehev
1 | 7 Хариулах
Зочин [125.213.232.14] 2022/2/9
МАШ ЗӨВ ! БУСДАД ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРАХ ! ( монголоор ШАВАР БОЛОХГҮЙ БАЙХ !!! )
8 | 0 Хариулах
Зочин [37.120.192.100] 2022/2/9
Т! гар байна.
1 | 6 Хариулах
[103.80.210.183] 2022/2/9
япондоо буцаад оч. монгол бол холилдож хөлхөлдөж байдаг ард түмэн шүү.
1 | 14 Хариулах
Зочин [66.181.161.122] 2022/2/9
Hhha
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.90] 2022/2/9
Монголчууд энэ их эрч хүчээ зөв юмандаа зардаггүй. Төрийн бузар булайг илчилж тэмцэх тал дээрээ маруухан. Тэрүүхэндээ эргэлдэж хэрэлдээл. Угтаа авилгач төрөө буулгаж аваад цэгцэлчвэл бүх зүйл номондоо орношдээ. Хэрэлдэж бухимдах ч шаардлагагүй хөгжлийн замдаа шуудрана
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.90] 2022/2/9
Хувиа борлуулж, довоо шарлуулдаг ард түмэн, харамсалтай нь
6 | 0 Хариулах
No [5.231.190.152] 2022/2/9
Төр засагт ажиллаж яваа хүмүүс бол бидний л тусгал. Энэ хүмүүсийг буулгаж хаяад дахиад өөр нэгнийг тавилаа гэхэд дахиад л авилгалаа авдагаа аваад л завшдагаа завшаал явна.
2 | 1 Хариулах
Зочин [118.210.195.50] 2022/2/9
Мухар сүсэгтээ автчихсан, хов базаж хүн муулах, бохир нийгмээ өөрчлөх шинчлэх бүтээлч шүүмжлэл хоёрыг ялгаатай гэж мэддэггүй аймхай дүлэгнэсэн бэртэгчин хүмүүс болсон
8 | 0 Хариулах
Уншигч [192.82.66.139] 2022/2/9
Манайханд буюу бидэнд зөндөө олон сайн тал , сайн чанар байгаа Чамлах хэрэггүй . Харин хөгжүүлж , ургуулж ,хадгалж л явах нь чухал Гээж болохгүй
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.34] 2022/2/9
Hen ch chamlaagui baihad l ingeed arisaa hamgaalaad orvolzood unadgiin. Unshaad oilgohgui bol ahiad neg unshij bai.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.190.230] 2022/2/9
Хүний дор орохгүй юм шүү гээд л нэг нэгнийхээ толгой дээр гишгээд л, байнгын бөх барилдаж, мэх заль хэрэглэж байгаа мэт л амьдардгаа больчихвол их зүгээр байна.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.90] 2022/2/9
Гэхмэтчилэн хэрэлдэх гээл ххха
3 | 3 Хариулах
Зочин [202.9.40.102] 2022/2/9
Тэр чинь багаас нь сургадаг маш том тогтолцоо л доо. Манайд ийм тогтолцоо байхгүй учраас нэгнээ ад шоо үзэх шаардлагагүй.
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.90] 2022/2/9
Гээд унштал сүүлийн 4 үг нь биш болоод явчлаа ххэ
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.102] 2022/2/9
Нэгэнт байхгүй тогтолцооны төлөө нэгнээ ад шоо үзээд, өөрсдийгөө мундаг гэж мэдрэх нь дутуугийн комплекс юм л даа.
0 | 6 Хариулах
зочин [202.131.245.69] 2022/2/9
Япон даяараа ийм зарчим баримталж амьдардаг тул япон зан чанар, хүмүүжил гэж хүмүүст ойлгогддог. Түүнээс ямар ч улсад энэ зан чанарыг сургадаг гэр бүлүүд бий. Миний өссөн гэр бүл, өсгөсөн буурал ээж, эцэг, эх маань яг л япон, герман, англи хүмүүст байдаг сайн зан заншлыг хэлж зааж сургасан. Та бүхэн дор дороо бодоход гэр бүлд чинь сайн сайхан зан заншил зарчим байгаа. тэрийг л бүгдээрээ ёстой 2 нүүр гаргахгүй мөрдөөд хэвшвэл бид хэнд ч түвэг удахгүй сайхан амьдарна. энэ хүүхэд их зөв сайхан ярилцлага өгсөн байна шүү. баярлалаа.
10 | 0 Хариулах
Tal harvasan hun [64.119.18.13] 2022/2/9
hahaha
1 | 2 Хариулах
Эрүүл саруул байх [66.181.187.121] 2022/2/9
Энгийн ойлгогдохоор хэлээд байх шиг. Хэн хэндээ харилцан ашигтай, хүндэтгэлтэй, тууштай, чанартай, үнэнч шударга, итгэл даах тухай гэж ойлголоо. "Анд Глобал"-ын залуучууд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
3 | 0 Хариулах