• 6 сарын 10, Мягмар

Үндэсний их баяр наадмын "Хүндэтгэлийн концерт"-ыг бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаас “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгож, баталжээ.

“Хүндэтгэлийн концерт”-ыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн" нэрээр монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулах юм.

зураг
 

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа: 

  • Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд ашиглах тайзны зохион байгуулалтад анхаарч, үзэгчид, бөхчүүдэд саад болохгүй, зөөж буулгахад хялбар, хөнгөн, автомат, аюулгүй, шинэлэг байхаар шийдэх
  • Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг шууд дамжуулах, сурвалжлах, хурдан морины уралдааныг дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эртнээс бэлтгэл ажлыг хангах
  • Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнийг шийдэж, гадаадын жуулчид, үзэгчдэд худалдаалах товыг эргэн танилцуулах,
  • Хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг ойрын хугацаанд туршиж танилцуулах,
  • Үндэсний их баяр наадмаар амжилт гаргасан бөх, хурдан морь, унаач хүүхэд, сур, шагайн харваачдад олгох шагналыг үнэ цэнтэй, агуулга бүхий болгох тал дээр анхаарах,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэж, наадмын нээлт хаалтын үйл ажиллагаанд бэлтгэж байгаа уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалт хийх боломж нөхцөлөөр хангах
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод болон Нийслэл, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, бусад байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж зургаадугаар сарын 15-н гэхэд эхний үзлэгийг хийхийг салбар хороодын дарга, гишүүдэд даалгасан байна.