Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчил болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хүргэлээ.
Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа дараах хэргийг мэдээллээ.
Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байх үед нь алба хаагчид саатууллаа.
Тухайн иргэн нь Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрэн сурвалжлагдаж байжээ.
Иргэн Э нь арилжааны банкуудын таван дансыг ашиглан Фэйсбүүк хуудсанд иргэдийн байршуулсан бусдаас хандив хүссэн зар мэдээллүүдийг хуулбарлан авч, дансны дугаарыг өөрчилж улмаар хуурамч хаягаар хандалт ихтэй группүүд рүү түгээж, хуурч мэхлэн залилдаг байжээ.
Урьдчилсан байдлаар түүний ашигласан гэх таван дансанд үзлэг хийхэд иргэдээс 1,050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.
Дээрх үйлдлээс гадна цагдаагийн байгууллагад эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан цахим орчинд зар мэдээлэл байршуулж, 2,500 гаруй иргэний эд хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт нэгтгэн шалгаж байна.
Цахим орчинд байршуулсан хандив хүссэн зар мэдээллийг нягталж шалгасны дараа бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилагч нарт амар хялбар аргаар мөнгө олох боломжийг бүү олгоорой хэмээн ЦЕГ-аас сэрэмжлүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!