Ираны дайны тав дахь өдрийн тойм мэдээ
iKon.MN
Өчигдөр буюу Лхагва гараг нь АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлснээс хойших тав дахь өдөр байлаа.
Энэ өдөр болсон үйл явдлуудын мэдээг тоймлон хүргэж байна.
- АНУ-ын шумбагч хөлөг Шри Ланка улсын эргийн ойролцоо Ираны байлдааны хөлгийг живүүлснийг Пентагоны тэргүүн Пит Хэгсэт мэдээлжээ. Үүний улмаас 80 гаруй хүн амиа алдсан байна. Энэ нь Ойрх Дорнодын бүс нутгийн гадна АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эзэмшилд халдсан анхны тохиолдол болсон юм.
- Пентагоны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Хэгсэт бас “Америк ялж байна” гэж мэдэгдээд долоо хоног хүрэхгүй хугацааны дотор АНУ, Израил улсууд “Ираны тэнгэрт бүрэн хяналтаа тогтоох болно” гэж хэлжээ. Хэгсэт цааш нь хэлэхдээ АНУ уг ажиллагаагаа шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлж чадах бөгөөд Иран цаашид өмнөх шигээ тооны пуужин харваж чадахгүй болж байгааг мэдэгдсэн юм.
- Хэгсэт бас 2024 онд ерөнхийлөгч Трампын амийг хөнөөхөөр төлөвлөж байсан Ираны тусгай албаны удирдагч агаарын цохилтын үеэр алагдсаныг баталжээ.
- Уг хурлын үеэр АНУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн жанжин штабын дарга Дэн Кэйн хэлэхдээ өнгөрсөн хугацаанд Ираны 20 гаруй тэнгисийн хөлгийг устгаж, Ираны тэнгисийн флотын хүчийг үлэмж хэмжээгээр сулруулсан тухай мэдээлжээ.
- Бямба гарагт Ираны охидын сургууль агаарын цохилтод өртөж, 168 хүний амь үрэгдсэн гэж мэдээллийн мөрөөр шалгаж байгааг Хэгсэт мэдэгдсэн байна. “Мэдээж бид хэзээ ч иргэний байгууламжуудыг онилдоггүй. Миний хэлж чадах ганц зүйл бол: бид үүнийг шалгаж байна” гэж тэр хэлжээ.
- Лхагва гарагт АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны эсрэг агаарын довтолгоогоо үргэлжлүүлжээ. Ираны тал хариуд нь бүс нутаг дахь АНУ-ын эзэмшлийн байгууламжуудад довтолсон байна. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт улсууд Ираны халдлага үргэлжилснийг мэдээлжээ.
- Ливан улсын эрүүл мэндийн яам нийслэл Бейрут хотоос өмнө зүгт оршдог хоёр хот Израилийн агаарын цохилтод өртөхөд зургаан хүн амиа алдаж, найман хүн шархадсаныг мэдээлжээ. Арамун, Саадият хэмээх энэ хоёр хот Хезболлагийн түшиц газрууд биш юм байна. Өчигдөр бас Израилийн арми өмнөд Ливаны ард иргэдэд Литани голын хойд эрэгт яаралтай нүүх шаардлагатайг анхааруулжээ. Ираны дайнтай зэрэгцэн Израилийн арми болон Хезболла зэвсэгт бүлгийн хооронд мөргөлдөөн эхэлсэн бөгөөд энэ үеэр Ливаны 300,000 орчим иргэн орон гэрээсээ дүрвэснийг НҮБ баталж байна.
- Ираны шашны зүтгэлтнүүд дээд удирдагч Аятолла Али Хаменигийн залгамжлагчийг сонгох үйл явц дуусах дөхөж байгааг Тегераны хэвлэлүүд мэдээлжээ. Хамени агсны хоёр дахь хүү Можтаба Хамени шинэ дээд удирдагч болох таамаг хамгийн их яригдаж байна.
- Хамени агсныг оршуулах ёслолын ажиллагаа Лхагва гарагийн орой төлөвлөгдсөн байсан ч хойшлогджээ. Уг арга хэмжээнд оролцох хүний тоо хэт их байгаа тул байгууламжийн багтаамжийг өргөтгөх зорилгоор хойшлуулсныг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Одоогоор оршуулгын ёслол хэзээ болох талаар тодорхой хугацаа мэдэгдээгүй байна.
- Тав хоног үргэлжилсэн дайны турш 1,045 хүн амиа алдсаныг Ираны эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
