Оросын эрх баригчид Газрын дундад тэнгист ачааны хөлгийг нь живүүлсэн хэрэгт Украиныг буруутгав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц Газрын дундад тэнгист дэлбэрч, живснийг Ливи улсын боомтын албаныхан Лхагва гарагт мэдээлжээ.

“Arctic Metagaz” нэртэй уг хөлгийг Украины тусгай албаныхан Ливийн эргээс илгээсэн тэнгисийн дроноор живүүлсэн гэж үзэж байгаагаа Оросын эрх баригчид мэдэгдсэн юм.

Харин Украины тал одоогоор ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Ливийн боомтын захиргаа дэлбэрэлтийн шалтгааныг “тодорхойгүй” гэж мэдэгджээ.

62,000 орчим тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан уг хөлөг Ливийн Сирт боомтоос хойд зүгт 240 км орчим зайд Ливи, Мальта улсуудын дунд живсэн юм байна.

ОХУ-ын тээврийн яам хөлөг дээр тус улсын 30 иргэн байсныг баталсан бол Мальта улсын дотоод хэргийн сайд тус улсын зэвсэгт хүчин хөлөг дээр байсан бүх хүмүүсийг аварсан тухай мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр телевизээр ярихдаа “Энэ бол террорист халдлага. Бид анх удаа ийм зүйлтэй тулгарч байгаа юм биш” гэж хэлжээ.

Оросын тээврийн яам бас үүнийг “олон улсын терроризм, далайн дээрэмчний үйлдэл” гэж шүүмжлээд Европын Холбоог үүнд оролцсон гэж буруутгасан байна.

“Arctic Metagaz” хөлөг Оросын хойд бүсийн боомт Мурманскаас шингэрүүлсэн хий тээвэрлэж байжээ.

“Сүүдрийн флот” гэгчийн нэг хэсэг болох уг хөлөг Египетийн Порт Сайд боомтод хүрэх гэж байсан бололтой.

Гэхдээ Оросын эрх баригчид “Arctic Metagaz” хөлөг Украины дроны халдлагад өртсөнийг батлах ямар нэг баримт үзүүлээгүй байна. Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд тус улс газрын тос, байгалийн хий экспортлох ажлыг “сүүдрийн флот” гэгддэг хууль бус тээвэрлэгчдээр гүйцэтгүүлж байгаа. Эдгээрийн ихэнх нь хориг арга хэмжээний улмаас засвар үйлчилгээнд орж чадаагүй, даатгуулаагүй, хуучирч муудсан байдаг.

2022 онд дайн эхэлснээс хойш Украины тусгай албад Оросын олон тооны тэнгисийн хөлөгт халдаж, живүүлж байсны ихэнх нь Хар тэнгист болсон юм.

 

Эх сурвалж: BBC