Уншиж байна ...

Пуэрто Рикогийн лигт тоглож буй ДеМаркус Казинс үзэгчидтэй маргалдсаны улмаас тоглолтоос хөөгдөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багт тоглосон Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-гийн дөрвөн удаагийн бүх одод ДеМаркус Казинс өдгөө Пуэрто Рикогийн лигт тоглож буй.

Тодруулбал "Метс де Гвайнабо" багтай гэрээ байгуулсан юм. Энэ багт түүнтэй хамт NBA-гийн "Сакраменто Кингс" багт хамтран зүтгэж явсан Деррик Уильямс тоглодог.

Казинс одоогоор улирлын 9 тоглолтод оролцоод 19.0 оноо, 9.2 самбараас бөмбөг авч, 4.7 оновчтой дамжуулалт дундажлаж байна.

Түүний баг Даваа гарагт лигийг 21 хожил, 7 ялагдалтайгаар тэргүүлж байгаа "Байамон"-ы талбайд зочилжээ. Данило Галинари, ЖаВайл МакГий, Крис Дуарте, Реналдо Балкмэн тэргүүтэй NBA-д данстай явсан тоглогчдоос бүрдсэн "Байамон"-ы талбайд тоглох үеэр Д.Казинс үзэгчидтэй маргалдсан байна.

Ёс бус үйлдлийнхээ төлөө талбайгаас хөөгдсөн түүнийг гарч явахад нь бухимдсан үзэгчид уух зүйлсээ шидэж байгаа нь бичлэгт үлджээ. 

Уг тоглолтод "Байамон" өрсөлдөгчөө 101:91-ээр буулган авсан бөгөөд Стефен Томпсон 30 оноо авч багаа тэргүүлэв. Харин 27 минут тоглоод хөөгдсөн Д.Казинс 11 оноо, 7 самбараас бөмбөг авчээ.